“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын төлөөх ээлжит сунгаан эхэллээ
10 Цагийн өмнө
297
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын төлөөх ээлжит сунгаан эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн түүхтэй. Энэ хугацаанд хамгийн олон удаа Гүйцэтгэх захирал нь ээлж дараалан солигдож байсан. Улс төрийн томилгоо бүр нь улаан, цэнхэр болж өөрчлөгдөж байлаа. Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгойн удирдлага хэн байхыг улстөрчид шийдэж, төрийн эрхийг барих нам өөрийн мэдэлд 100 хувь байлгаж ирсэн. Өнөөдөр энэ зүй тогтол хэвээр үргэлжилж, 2016 оноос хойш "Эрдэнэс Тавантолгой"-г эрх баригч МАН, түүнээс бүрдсэн Засгийн газар томилж ирлээ.

Хамгийн сүүлд "Эрдэнэс Тавантолгой"-д шинээр бүрдсэн Г.Занданшатарын Засгийн газар гурван сарын хугацаатай дахин Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ажиллах хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусгавар болсон билээ. Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирлын төлөөх шинэ сунгаан эрх баригч нам дотор эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд ажил авсан захирлуудаас сайн нэртэй үлдсэн нь ховор. Улстөрчдийн ашиг сонирхол асар ихээр нэвчсэн "Эрдэнэс Тавантолгой"-г нээлттэй хувьцаат компани болгох л хамгийн сайн хувилбарт тооцогдоод байгаа. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулна гэж Засгийн газрын зүгээс 7 хоногийн өмнө мэдээлсэн. Гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалтыг "Эрдэнэс Монгол" нэгдэл зохион байгуулахаар байгаа юм. Томилгоонд Засгийн газар, Ерөнхий сайдын нөлөө асар их.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хамгийн анхны захирал нь Б.Энэбиш. Хамгийн сүүлд Гүйцэтгэх захирлын  үүрэг гүйцэтгэгчээр ажилласан нь Х.Мөнхжаргал. Засгийн газрын тогтоолоор тавигдсан Бүрэн эрхт төлөөлөгчийг энд оруулж тооцсонгүй. 

"Нүүрсний хулгай"-д хамгийн ихээр нэр ус нь цоллогдож буй "Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 оны байдлаар 11 тэрбум ам.долларын орлого олж, 10 их наяд төгрөгийн татвар төлсөн байдаг. Ковидоос хойш компанийн орлого, ашгийн цөм нь бий болсон. Сүүлийн жилүүдэд буюу тус компанийн үйл ажиллагаа өргөн хүрээнд эрчимтэй тэлж, нүүрснээс хамааралтай төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дарах болсон.

Тэрчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжилтээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тиймээс тус компанийг цаашид удирдан чиглүүлэх, залах гүйцэтгэх захирлыг тодруулах нээлттэй сонгон шалгаруулалт олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Гүйцэтгэх захирал хэн байхаас "Эрдэнэс Тавантолгой" ХК, 1072 хувьцааны үнэ цэн шалтгаалах юм. Үүгээр зогсохгүй "нүүрсний хулгай" үргэлжлэх эсэх нь хамаарна. 

Жилд 30 орчим сая тонн нүүрс олборлон экспортолж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрс баяжуулах үйлдвэртэй, төмөр замтай, нүүрс ачих логистикийн төвтэй гээд хөрөнгө мөнгөөр тогтохгүй "бяр" суусан. Компани томрох хэрээр улс төрийн нөлөө сонирхол "Эрдэнэс Тавантолгой" руу бүр ихээр чиглэж байгаа нь үнэн.

2024 оны байдлаар тус компанийн 26.4 хувийг Монгол Улсын иргэд 1072 хувьцаагаар дамжуулан эзэмшиж байна. Хамгийн том хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар буюу 73 хувийг нь мэддэг. Энэ утгаараа "Эрдэнэс Монгол" нэгдэл "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалтыг дэглэх эрх үүрэгтэй болж байгаа юм.