ТОМИЛОЛТ: Төвийн бүсийнхэн Дарханд чуулж, хариуцлагатай уул уурхайн талаар хэлэлцэв
Эрдэс баялгийн салбарын ашиг тус, нөлөөллийг оролцогч талуудад зөвөөр хүргэх, төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилтийг олон нийтэд таниулах, орон нутаг, компани, иргэний нийгмийн хамтын ажиллагааг сайжруулахаар Төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй ашигт малталын тусгай зөвшөөрөлтэй ААН, бичил уурхай эрхлэгчид, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн төлөөлөл чууллаа.
Арга хэмжээний нээлтийн үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ц.Өнөрнасан, МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Дархан-Уул аймгийн Захирагчийн орлогч Я.Бат-Очир нар үг хэлж, эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, хариуцлагатай уул уурхайг бүс нутагт хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлов.
Үргэлжлүүлэн салбарын бодлого, хэрэгжилт, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн нөхцөл байдал, уул уурхай ба орон нутгийн харилцааны тухай илтгэл танилцуулж, Хариуцлагатай уул уурхайн талаарх хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Бороогоулд ХХК, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК, Алтгана Ресурсес ХХК-аас Хариуцлагатай уул уурхай үйл ажиллагааны талаар компаниасаа хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилт, үр дүнгийнхээ талаар, Хил Хязгааргүй Алхам ТББ-ын захирал Н.Баярсайхан Эрдэс баялгийн салбар ба Иргэний нийгмийн талаар тус тус танилцуулж, "Уул уурхай ба орон нутаг, оролцогч талуудын хамтын ажиллагаа"-ны талаар хэлэлцэв.
Төвийн бүс нь манай улсын аж үйлдвэржилтийн гол бүс бөгөөд уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцийг уялдуулан хөгжүүлэх шаардлагатайг чуулга уулзалтын үеэр тэмдэглэж байлаа. Түүнчлэн, байгаль орчны доройтол, хууль бус олборлолт, орон нутгийн иргэдийн оролцоог хангах зэрэг тулгамдсан асуудал байгааг хөндөв.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хариуцлагатай уул уурхайн ойлголтыг дэлгэрүүлэх, хууль тогтоомжийн уялдааг хангах, өөрчлөн сайжруулах, төр-хувийн хэвшил-орон нутгийн иргэдийн хамтын ажиллагааны тогтолцоог бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, уул уурхайг уялдуулан хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Мөн салбарын талаар олон нийтэд цэгцтэй, зөв ойлголт өгөхөд онцгой анхаарч оролцогч талууд нягт хамтран ажиллах, компаниудын хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, холбогдох хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах асуудал чухал гэдэгтэй талууд санал нэгдсэн юм.