Уул уурхайн салбарын их цугларалт Тайж хайрхны бэлд гурван өдрийн турш үргэлжилж, цаашдын хөгжил, өнөөгийн асуудал бэрхшээлээ тал бүрээс нь уудлан хэлэлцсэн юм. Монголын эдийн засгийг тулж түшдэг эрдэс баялгийн салбарын гол тоглогчид өргөн агуулга дор жилд нэг удаа уулздаг. Өнөөдрийн сорилт, хүндрэлээ нухацтай эргэцүүлэн, шинэ нөхцөл байдалд дасан зохицох, ирэх өдрүүдэд баримтлах стратеги, замын зургаа гаргадаг. “Уул уурхайн 7 хоног” урьдын адил гарц шийдэл рүү зорьж, тодорхой бус, ойлгомжгүй байдлыг арилгахаар төвлөрч хуралдсан юм.
Дөрөв дэх удаагийн “Уул уурхайн 7 хоног” төр, хувийн хэвшлийн ижил тэнцүү оролцоог хангах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүд тэр хэрээр ихээхэн ач холбогдол өгч оролцлоо. Энэ хандлага “Уул уурхайн 7 хоног”-ийн Minepro-2025 үзэсгэлэнгийн цар хүрээг улам тэлж, эрдэс баялгийн салбарыг оролцогч талуудад иж бүрэн таниулах, ойлгуулахад ихээхэн тус дөхөм болсон биз ээ. Ингээд “Уул уурхайн 7 хоног”-ийн онцлох компаниудыг танилцуулж байна.
"Эрдэнэс Монгол" нэгдэл
"Уул уурхайн 7 хоног"-т "Эрдэнэс Монгол" нэгдлийн оролцоо, идэвх хамгийн өндөр байлаа. Нэгдлийн компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдээ танилцуулан оролцсон юм. Төрийн өмчийг эзэнжүүлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэх, сайжруулах, сайн менежментээр удирдан чиглүүлэх нь "Эрдэнэс Монгол" нэгдлийн үүрэг, зорилго. Энэ хүрээнд тодорхой үр дүнгүүд гарч эхэлсэн бөгөөд улсын валютын нөөцийн 80 гаруй хувийг дангаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн компаниуд бүрдүүлж байна. Үүгээр зогсохгүй сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлт нь эрс сайжирч эхэлсэн. Үндсэндээ нэгдлийн үйл ажиллагаа цэгцэрч, алдагдлаас ашиг руу, ашгаас бүтээмж, өсөлт хөгжил рүү хөл тавьсан. Үндэсний баялгийн санд болон улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ нь жил бүр өсөн нэмэгдэж байгаа. "Эрдэнэс Монгол" нэгдэл Монгол Улсын хөрөнгө оруулалтын хоёр дахь том гэрээг Зөөвч Овоо төслийн хүрээнд байгуулсан нь энэ жилийн "Уул уурхайн 7 хоног"-ийн онцлох мэдээ юм.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
Монголын эдийн засгийн зүтгүүр болсон, сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд төсвийн орлогыг бүрдүүлэхэд "Эрдэнэт үйлдвэр"-ийн үүрэг, оролцоо хамгийн их байсан. Өнөөдөр ч энэ байдал хэвээр хадгалагдаж байна. Тус үйлдвэр "Уул уурхайн 7 хоног"-ийг олон сайн мэдээгээр угтсан. Үүний эхэнд нь, 0.32 хувийн зэсийн агуулгатай, 357 сая тонн хүдрийн нөөц бүхий Оюут ордыг нээсэн явдал байлаа. Зэс, молибдены Оюут ордын нарийвчилсан судалгааг гурван жилийн хугацаанд амжилттай гүйцэтгэж, 1.1 сая гаруй тонн цэвэр зэсийн нөөцийг урьдчилсан байдлаар тогтоосон нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн тогтвортой үйл ажиллагаа улам баталгаажих, "Зэс хайлуулах үйлдвэр" бүтээн байгуулалт руу хөдлөх дохио өглөө.
"Оюу Толгой" ХХК
Өмнийн говьд дэлхийн зэсийн хамгийн том төслүүдийн нэг хэрэгжиж байна. Энэ бол "Оюу толгой". Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулаад 16 жил болж байна. Гэрээ байгуулсан цагаас хойш гүний уурхайн бүтээн байгуулалт, ил уурхайн олборлолт зэрэг шахам эхэлсэн. Өнөөдөр гүний уурхай уурхайн нүсэр бүтээн байгуулалт өндөрлөж, "Оюу Толгой" ашигт ажиллагаа руу шилжих цаг мөч ойртлоо. Зардал нэмэх бус зардлаа нөхөх он тоолол наашилж байна. Гүний уурхай тогтвортой үйлдвэрлэлд шилжиж байгаа нь дөрөв дэх удаагийн "Уул уурхайн 7 хоног"-ийн топ мэдээ юм. 1300 метрийн гүнд 200 гаруй км урт тунел баригдаж, олон зуун техник газрын гүнд зогсолтгүй ажиллаж, уурхайчдын ур ухаанаар өдөрт 30 гаруй мянган тонн хүдэр олборлож, тээвэрлэж, бахяжуулах дэд бүтцийг "Оюу Толгой" байгууллаа. Оюу Толгой дэлхийд эхний 5-д орох урьдчилсан нөхцөл бүрдэж, гүний уурхайн олборлолт эрчимжиж эхэллээ. Оюу толгой бол Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагаагаараа тэргүүлэгч уурхай. 2028-2036 оны хооронд Оюу толгой жилд дунджаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж буй. Ордын нийт нөөцийн нь 80 хувь газрын гүнд оршдог. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ цикль эхэлж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК
Нүүрсээ түүхийгээр нь бус баяжуулж, баяжуулсан нүүрсээ биржээр арилжаалж эхэлсэн нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн шинэ түүхийн эхлэл юм. 2011 онд олборлолтоо эхлүүлж байсан тус компани сая тонн нүүрс баяжуулж, үйлдвэрлэл нь олборлолтоос боловсруулалт руу ирлээ. Тус компанийн экспортын 70 шахам хувийг хатуу коксжих нүүрс эзэлдэг. Нүүрсээ баяжуулж эхэлснээр экспортоо төрөлжүүлэх, бүхий л төрлийн нүүрсийг нийлүүлэх, экспортлох бодлого баримтлан ажиллахад төвөггүй болж байна. Эрчим хүчний нүүрсээ эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах, экспортод эзлэх хувь хэмжээг нь нэмэгдүүлэхэд "Эрдэнэс Тавантолгой" ХК анхаарч буй. Биржээр нүүрсээ арилжаалж, худалдаа ил тод, нээлттэй болсон нь "Уул уурхайн 7 хоног"-ийн сайн жишигт тооцогдож байна.