Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран ажиллана
Байгаль орчин, нийгэм, засаглалыг (ESG) сайжруулах чиглэлээр уул уурхайн компаниудад зориулсан сургалт, гарын авлага боловсруулах, орон нутгийн иргэдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх 160 сая төгрөгийн санхүүжилттэй төслийн хүрээнд Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциац (МУУҮА) хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Төслийн гол зорилго нь уул уурхайн компаниудад олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцсэн тогтвортой хөгжлийн зарчмыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд дараах чиглэлээр хэрэгжинэ.
• Байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх,
• Уул уурхайн компаниудад зориулсан гарын авлага, аргачлал боловсруулах,
• Орон нутгийн иргэдийн амьжиргаа, хөгжлийг дэмжих арга хэмжээ зохион байгуулах.
Энэхүү гэрээ нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам болон Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй ажлын нэг хэсэг бөгөөд Монгол Улсад уул уурхайн салбарын засаглал, нийгмийн хариуцлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.