Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт тогтвортой, тууштай хайгуулын үр дүнд зэсийн Оюут орд газрыг албан ёсоор нээлээ. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр 357 сая тонн хүдрийн нөөцтэй, цэвэр зэсийн хэмжээ 1.1 сая тонн гэж тогтоогоод байна.
2023 оноос Оюутын ордын нарийвчилсан хайгуулын судалгааг хийж, урьдчилсан дүнгээр дээрх хэмжээг зарлав.
Оюут ордод анхны өрөмдлөгийг 1970 онд хийж, 1980 онд судалгааны ажил хийгдсэнээс хойш ийнхүү хоёр жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн геологичид нөөцийг тогтоож, эдийн засгийн үр ашигт шилжүүлж байна.
Улсын төсвийн хамгийн том түшиг, тулгуур болсоор ирсэн Эрдэнэт шиг том шинэ орд нээгдэж, монголчуудад ахуй амьдралаа дээшлүүлэх, ашиг орлогоо нэмэх, хөгжил дэвшлийг хурдасгах шинэ боломж гарч байна гэсэн үг юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг түшиглэн жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах үүрэг даалгавар өглөө. Энэ тооцооллоор авч үзвэл Оюут ордыг 30-35 жил ашиглах юм.
Эрдэнэт үйлдвэрийн геологичид хайгуулын ажлыг бие даан гүйцэтгэжээ. Ордыг ашиглах зураг төсөл болон бүтээн байгуулалтад тус үйлдвэрийн шилдэг инженерүүд ажиллана.
Оюут орд нь Эрдэнэтийн Овоо ордоос 8 км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс 3 км орчим зайд оршиж байгаа нь нэн таатай орчин нөхцөл юм.
Оюут зэсийн ордыг нээснээр Үндэсний баялгийн сан арвижиж, үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймаг, Хойд бүс цаашлаад Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд том түлхэц болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутын ордыг ашиглалтад бэлтгэх үйл ажиллагаанд оролцов.