"Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь ажилтнуудтайгаа уулзлаа
Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа "Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь ажилтнуудтайгаа өнөөдөр уулзлаа. Мөн Оюу Толгой уурхайд зочлон үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байна.
Ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр Саймон группийн ирээдүйн зорилго, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцаж, сонирхсон асуултад хариулжээ.
Тэрээр өнгөрсөн 7 хоногт группийн бүтцийг өөрчлөх шийдвэр гаргасан бөгөөд Рио Тинто нь:
- Төмрийн хүдэр,
- Хөнгөн цагаан болон лити,
- Зэс гэсэн дэлхийн хэмжээний үндсэн гурван том групптэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.
Ийнхүү хүн төрөлхтний ногоон хөгжлийн суурь металлуудад илүүтэй төвлөрсөн, оновчтой бүтэцтэй ажиллах нь группийн бүтээгдэхүүн нийлүүлэлт, өрсөлдөх чадвар, өсөлтөд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Саймон Тротт нь Рио Тинтод 20 гаруй жил ажиллахдаа төмрийн хүдэр, давс, уран, борат, очир эрдэнийн группүүдэд удирдах түвшинд ажилласан туршлагатай. Гүйцэтгэх удирдлагын багт бүтээгдэхүүний групп төдийгүй Арилжаа хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэж байсан юм.