"Рио Тинто"-гийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна
Ажлаа аваад хэдхэн хонож буй "Рио Тинто"-гийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ирээд байна. Саймон 8-р сарын 25-ны өдөр ажлаа авсныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамтай уулзаж тус улс дахь Резолюшн зэсийн төслийн ажлыг урагшлуулахтай холбоотой уулзалтуудад оролцсоныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байв.
Үүний дараа бүтээн байгуулалт нь идэвхтэй өрнөж буй Гвиней дэх дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн уурхайгаар орчихоод Монголд ирж байгаа юм байна. Тэрээр Монгол дахь ажилтнуудтайгаа уулзаж, Оюу толгойн уурхайтай танилцах төлөвлөгөөтэй байгаа аж.
Саймон Тротт гэж хэн бэ?
Өмнөх захирал Якоб Стаусхолмыг ажлаа өгөх тухай мэдээллийн дараа олон улсын хэвлэлүүдээр дараагийн Гүйцэтгэх захирал болох өндөр магадлалтай хүний жагсаалтад Б.Болд захиралтай хамт идэвхтэй яригдаж байсан хүний нэг билээ.
Саймон нь Рио Тинтогийн орлогын 60-70 хувийг бүрдүүлдэг нүсэр том Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирлын албанаас дэвшин томилогдсон юм. Тэрээр Риод 20 гаруй жил ажиллахдаа төмрийн хүдэр, давс, уран, борат, очир эрдэнийн группуудэд удирдах түвшний ажлууд хийсэн Гүйцэтгэх удирдлагын багт бүтээгдэхүүний групп төдийгүй Арилжаа хариуцсан захирлаар ажиллаж байсан өргөн хүрээний туршлагатай юм байна.
Түүний сүүлд удирдаж байсан Төмрийн хүдрийн групп л гэхэд баруун Австралид Оюу толгойтой эн тэнцэхүйц 17 уурхай, тэдгээрийг холбосон төмөр зам, усан тээвэр, боомт, логистикийн цогц систем бүхий дэлхийн түвшний уул уурхайн бизнес байв. Одоо тэрээр тушаал дэвшиж 36 оронд 60 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх дэлхийд хоёр дахь том уул уурхайн бизнесийг удирдахаар болоод буй.
Оюу толгойн гол хөрөнгө оруулагч, менежментийг хариуцдаг гэдэг утгаараа Саймон ирэх хэдэн жилийн турш Монголчуудтай ойр ажиллах хүн юм.
Саймоны Тротт ажлаа аваад гаргасан эхний том шийдвэр юу байв?
Өнгөрсөн 7 хоногт олон улсад гарсан мэдээллүүдээс харвал Саймон Рио Тинтогийн бүтцийг ирээдүйн металлуудад чиглүүлж world class буюу олон улсад хүчтэй өрсөлдөж, тэргүүлэх чадвартай 3 групп болгон зохион байгуулж байгаагаа зарлажээ. Энэ групп нь
• Төмрийн хүдэр
• Хөнгөн цагаан болон лити
• Зэсийн групп байх аж. Зэсийн группэд Оюу толгой багтдаг билээ.
Энэ шийдвэрээс харвал тэрээр ирээдүйд хүн төрөлхтний ногоон хөгжил, цахилгаанжуулалтад шаардагдах гол металлууд руу илүү ойлгомжтой, цомхон бүтэцтэйгээр үйл ажиллагаа чиглүүлж байна. Бусад буюу титан, борат, очир эрдэнэ зэрэг эрдсийн бизнесүүддээ үнэлгээ хийж цаашдын ирээдүйг нь шийдэх аж.