Үндэсний геологийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Мөнхбилэгийг томиллоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Мөнхбилэгийг томилсон шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв албан ёсоор танилцууллаа.
Н.Мөнхбилэг нь геологич мэргэжилтэй, 1995-1999 онуудад МУИС-Байгалийн ухааны факультетийн Геологи-минералогийн тэнхимд багш, 2009-2016 онуудад МУИС-Газарзүй, геологийн сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн багш, ахлах багш, 2016-2020 онуудад Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээлэл, технологийн төвийн ахлах ажилтан, дарга, 2020-2024 оны хооронд Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн дарга, 2024 оны 02 дугаар сараас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс, Геологийн судалгааны хэлтсийн даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байсан.