“Цайрт минерал” компанийг зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтад оролцохыг урилаа
1 Өдрийн өмнө
147
“Цайрт минерал” компанийг зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтад оролцохыг урилаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Цайрт минерал” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, зэс хайлуулах үйлдвэрийн төслийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэрийн 20 жилийн ойн баярыг хүргэж, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь онцлон талархал илэрхийлэв.
 
Талууд Монгол, Хятадын хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон уг төслийн туршлагыг үнэлээд, цаашид Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн хэрэгжүүлэх зэс хайлуулах төсөлд хамтран ажиллах боломжийг хэлэлцэв. Мөн Хятадын уул уурхайн салбарын туршлагаас судалж, хөрөнгө оруулалтыг татах боломжтой талаар ярилцав.
 
"Цайрт минерал” компанийн төлөөлөгчид үйл ажиллагааны талаар танилцуулж, Монгол Улсад 20 жил тогтвортой хэрэгжүүлсэн тус төсөлд Монгол Улсын Засгийн газар болон салбарын яамны бодлогын дэмжлэг чухал нөлөө үзүүлснийг дурдав. Түүнчлэн тус компани нь Хятадад зэс хайлуулах чиглэлээр тэргүүлэх үйлдвэрлэл явуулдаг бөгөөд Монголын уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
 
Уулзалтын төгсгөлд сайд Г.Дамдинням Монгол–Хятадын уул уурхайн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах зэс хайлуулах үйлдвэрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж, ирэх аравдугаар сард болох “China Mining” арга хэмжээнд оролцохоо мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.