Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга хамтран Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо баруун бүсийн “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөгийг 2023 оны есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Эрдэс баялгийн салбарын ашиг тус, түүний үр нөлөө, ил тод байдлыг оролцогч талуудад үнэн зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь энэхүү чуулга, уулзалтын зорилго юм.
“Хариуцлагатай уул уурхай” өдөрлөгт баруун бүсийн таван аймаг Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгийд хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно. Арга хэмжээг дэмжигч байгууллагаар Говь-Алтай аймагт үйл ажиллагаагаа эхлүүлсэн "Хан Алтай Ресурс" ХХК, Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний ордоос экспорт хийж буй МоЭнКо ХХК оролцож, нээлттэй ажлын байрны өдөрлөг энэ үеэр зохион байгуулна.