“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж, компанийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь ОТ төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, УИХ, ЗГ-аас төсөлтэй холбоотой гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, төслийн хүрээний “Ажлын хэсэг”-тэй хамтран ажиллаж, ОТ төслийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх Захирлын Үүргийг Түр Орлон Гүйцэтгэгч Э.Ганхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан компанийн “Бизнес төлөвлөгөө 2024”-ийн хэрэгжилтийг танилцууллаа.
Бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах чиглэлээр үндсэн дөрвөн зорилгын хүрээнд 72 үйл ажиллагааг хэрэгжүүлэв. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн “Хэрэгжилт-Үр дүн 2024” жилийн хүрээнд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан 14 мега төслийн нэг “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийн тодотгол боловсруулах ажлыг эхлүүлж, Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд “Менежментийн гэрээ”-г шинэчлэх тохиролцоонд хүрч, ОТ төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдийн гэрээг зогсоов.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Геологи Үйлдвэрлэлийн Бодлогын Газрын дарга Ц.Төгсбуян, Нэгдсэн Стратеги, Санхүүгийн Удирдлагын Газрын дарга Б.Батбаяр, Дотоод Хяналт, Эрсдэлийн Удирдлагын Газрын дарга Л.Наранчимэг болон ЭОТ ХХК-ийн удирдлагууд оролцож 2025 онд компанийн засаглал болон санхүүгийн тогтвортой байдалд анхаарал хандуулж, үндсэн үйл ажиллагааг илүү сайжруулах зөвлөмжийг өглөө.