Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, хайгуул судалгааны ажлын талаар санал солилцов
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зөвлөх Л.Чой-Иш БНХАУ-ын Хятадын үндэсний газрын тосны корпораци (CNPC)-н Эдийн засаг, технологийн судалгааны хүрээлэнгийн ТУЗ-ийн гишүүн, нарийн бичгийн дарга Цян Син Кун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад тус корпорацийн Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын орчны судалгааны төв, Байгалийн хийн зах зээлийн судалгааны төв, Хайгуул, ашиглалтын судалгааны хүрээлэн болон Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн төлөөлөгчид оролцов.
Талууд газрын тосны салбарын хамтын ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, хайгуул судалгааны ажил болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хийн хоолой дамжуулах төслийн талаар санал солилцов.
Ноён Цян Син Кун судалгааны төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулаад талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.
Сайдын зөвлөх Л.Чой-Иш Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр CNPC корпорацийн ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай уулзаж санал солилцсон нь хоёр орны газрын тосны салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсныг тэмдэглээд, тулгарсан асуудлыг харилцан ашигтай, хамтдаа шийдвэрлэхийн чухлыг онцлон талуудын газрын тосны салбарын хамтын ажиллагааг цаашид шинэ шатанд өргөжүүлэн хөгжүүлэхэд салбар яамны зүгээс бодлогоор дэмжиж, үр дүнтэй, бодитой ажил хэрэг болгоход хамтран ажиллахаа илэрхийллээ.