Төмөртэйн ордод 77.70 сая.тн төмрийн нөөцийг нэмэлтээр тогтоон ЭБМЗ-өөр батлуулжээ
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК нь Төмөртэйн ордын геологи судалгааны ажлыг 1960-аад оноос эхлүүлж, 30 гаруй жилийн дараа нарийвчилсан хайгуулын ажлаар нөөцийг нь тогтоосон. Өнгөрсөн жилүүдэд тус ордод олон улсын Жорк стандартад нийцүүлэн хийсэн геологи хайгуулын ажлын хүрээнд нийт 7880 уртааш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэжээ.
Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар Төмөртэйн ордын Зүүн хэсэгт нийт В болон С зэрэглэлээр 52.57 хувь дундаж агуулгатай 147.79 сая.тн хүдэрт 77.70 сая.тн төмрийн нөөцийг нэмэлтээр тогтоон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байна. Ингэснээр Төмөртэйн хүдрийн уурхай нь нийт 250 гаруй сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй болж, уурхайн ашиглалтын хугацаа нь дахин 30 жилээр нэмэгдэж байна.
Цаашид ордын нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нөөцийг 500 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломж байгааг урьдчилсан судалгаагаар тогтоогоод байна. Тус ордын төмрийн хүдрийн шинж чанар нь ган боловсруулах үйлдвэрт хамгийн тохиромжтой бөгөөд шинээр баригдах ган боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн найдвартай нөөцийг бүрдүүлжээ.