Дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны хамгийн том цугларалт Канадын Торонто хотноо 93 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ бол PDAC-2025. Тус олон улсын арга хэмжээг Канадын хайгуулч, олборлогчдын холбоо жил бүр зохион байгуулж ирсэн. PDAC-2025 чуулга уулзалт нь 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Өнгөрсөн жил 130 орны 27 мянган төлөөлөл оролцож байсан. Энэ жилийн хувьд 1100 гаруй уул уурхайн компани, салбарын төлөөлөл оролцохоор байна. Уул уурхайн салбарынхны анхаарлын төвд байж ирсэн PDAC нь 1932 онд эхэлж зохион байгуулагдсан.
Монгол Улсын хувьд 28 дахь жилдээ PDAC чуулганд оролцож байна. Монголын эрдэс баялгийн салбарын төлөөллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ахалж, 93 дахь удаагийн PDAC чуулганыг зорьсон. Чуулга уулзалтын үеэр "Монголын өдөр" арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж, ирээдүйтэй төсөл, хөтөлбөрийг хөрөнгө оруулагчдад танилцуулах юм.
PDAC-2025 чуулганд Монголоос Эрдэнэс Монгол нэгдэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу толгой, Эрдэнэс ҮТП, Эрдэнэ Монгол, Халзан бүрэгтэй төсөл, Степ голд, Бадрах Энержи зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулалтын хамгийн том чуулганыг үзэхээр очжээ.