Ураны төслийг эхлүүлсэн нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх чухал алхам болсон
2 Өдрийн өмнө
72
Ураны төслийг эхлүүлсэн нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх чухал алхам болсон
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Олон улсын цөмийн энергийн агентлагийн Ерөнхий захирал Уильям Д. Магвүүдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын эрчим хүчний шилжилт болон тогтвортой эрчим хүчний шийдлүүдэд оруулж буй хувь нэмрийн талаар ярилцлаа.
 
С.Жавхланбаатар уулзалтын үеэр уул уурхай салбар нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур хэвээр байгаа бөгөөд ДНБ-ий гуравны нэгээс илүү, экспортын 90 хувийг бүрдүүлдэг. Хэдий ийм боловч эрчим хүчний хэрэглээний 20 хувийг импортоор хангаж байна. Монгол Улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувиас дээш хүргэж, нүүрсний хэрэглээг бууруулах зорилт тавиад байна.
 
Засгийн газар байгалийн хийд шилжих, дулааны цахилгаан станцуудыг шинэчлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжихэд анхаарч байна. Түүнчлэн, Монгол Улс Францын компанитай хамтран ураны төслийг эхлүүлсэн нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх чухал алхам болж буйг тэмдэглэв.
 
Уулзалтын үеэр мөн Дэлхий нийтийн цөмийн эрчим хүчний хөгжил, тэр дундаа жижиг модуль реакторууд (SMR)-ын ач холбогдлыг онцгойлон хэлэлцэв. Уильям Д. Магвүүд цөмийн эрчим хүчний салбарт тулгамдаж буй өндөр өртөг, нийлүүлэлтийн сүлжээний хязгаарлагдмал байдал, хүний нөөцийн дутагдал зэрэг гол асуудлуудыг шийдвэрлэхэд Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа.
 
Монгол Улсыг олон улсын цөмийн санаачилгуудад оролцох, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдахыг уриалав. Уулзалтаар хоёр тал дараах ажлуудыг тохиролцов. Жижиг модуль реакторууд (SMR) болон уул уурхайн салбарын талаарх тайланг Монголын талд хуваалцах, Монголын төлөөлөгчдийг олон улсын цөмийн эрчим хүчний арга хэмжээнд оролцуулах, тухайлбал, SMR болон том реакторуудын хууль эрх зүйн асуудлаарх хуралд урих, Цөмийн төслүүдийн олон нийттэй харилцах, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох чиглэлээр Монголын талд мэдээлэл өгөхөөр боллоо. Энэхүү уулзалт нь Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, эдийн засгийн болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлд авч хэрэгжүүлж буй алхмуудыг бататгасан чухал үйл явдал юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.