"Эрдэнэс Тавантолгой" ХК: Нүүрсний экспортын хоёр дахь гарцыг судалж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХКийн удирдлагууд өнөөдөр /2025.02.20/ 2024 оны үйл ажиллагааны тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа. Компанийн санхүүгийн тайлан Үндэсний аудитын газраар баталгаажсанаар олон нийтэд танилцуулж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт 2024 онд хийсэн байна. Тодруулбал, 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулан ажилласан байна.
Мөн 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийн нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлжээ.
2023 оноос биржийн арилжааг эхлүүлж өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 115 удаагийн биржийн арилжаа зохион байгуулж, 2.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25 сая тонн нүүрсийг биржээр "Эрдэнэс Тавантолгой" ХК борлуулаад байна. 2023 онд 9.8 сая тонн нүүрс биржээр арилжаалсан бол 2024 онд 15.3 сая тонн болгон нэмэгдүүлсэн байна. Энэ онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 50 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг компанийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. Мөн нүүрсний экспортын хоёр дахь гарцыг судалж эхэлсэн бөгөөд Замын-Үүд-Эрээн боомтоор нүүрсээ борлуулахаар төлөвлөж байна.