"Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит "Өглөөний уулзалт"-ын зочноор уригдан оролцлоо. Уулзалтын эхэнд нэгдлийн хэмжээнд төлөвлөн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, түүний явц, компанийн засаглал, үр ашгийн талаар мэдээлэл өгсөн юм. "Эрдэнэс Монгол" нэгдлийн зүгээс үйлдвэр, технологийн зургаан паркийг тодорхой байршлуудад төлөвлөн хөгжүүлж буй. Үүний нэг нь "Эрдэнэт үйлдвэр, технологийн парк" юм.
Тус паркийн хүрээнд зэс боловсруулах цогцолбор байгуулна. Цогцолборын тулгуур нь зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр. Энэхүү үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрийг түшиглэх юм. "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт "Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ нь бэлэн, технологи нь тодорхой болсон. Хайлуулах үйлдвэр катодын зэс үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэрийг дагаад кластер хэлбэрээр бусад үйлдвэрүүд ч хөгжих боломж бүрдэнэ. Эрдэнэт үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалтын дэд бүтцийн ажил эхэлсэн. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог чухлаар авч үзнэ" гэв.