"Оюу Толгой" ХХК 2024 оны 4-р улирлын тайлангаа танилцууллаа. 2023 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл тайлант хугацаанд 63 хувиар өссөн нь гүний уурхайд үйлдвэрлэл эрчимжиж, хүдрийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой аж. 2024 оны 10 дугаар сард хүдрийг 1,300 метрийн гүнээс газрын гадарга руу тээвэрлэх 6.9 км урт туузан дамжуургын бүтээн байгуулалтыг дуусгаж, ингэснээр үйлдвэрлэл өмнөх улирлаас 33 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүдрийн агуулга сайжирснаар ил уурхайн гарц мөн нэмэгдсэн байна.
Гүний уурхайн Панел 0 олборлолтын түвшинд нийт 124 хүдэр буулгуурыг нээж, дөрөвдүгээр улиралд 4 хүдэр буулгуурыг ашиглалтад оруулжээ. Энэ улиралд гүний уурхайгаас 1.96 хувийн дундаж зэсийн агуулгатай 2.1 сая тонн хүдэр, ил уурхайгаас 0.43 хувийн дундаж агуулгатай 8.9 сая тонн хүдэр боловсруулсан байна. Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, 2028-2036 онуудад гүний болон ил уурхайгаас жилд 500 мянган тонн зэс (100%-ийн цэвэр металл) олборлох зорилготой ажиллаж байна