"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК: Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөөлөл
2024 оны гуравдугаар улирлын байдлаар зэсийн үйлдвэрлэл 2022 оны мөн үеийнхээс 45 хувиар ихэссэн байгаа нь энэ хугацаанд Оюутолгойн далд уурхайн олборлолт эхэлсэнтэй холбоотой. Тус уурхайн олборлолтын бүтээмж нь 2028-2032 онд хамгийн дээд түвшиндээ хүрэх төлөвлөгөөтэй байна.
Үүнтэйгээр холбоотойгоор ирэх гурван жилд зэсийн үйлдвэрлэл өмнөх онуудтай харьцуулахад бага зэрэг удааширсан буюу жилд 5 орчим хувиар өсөн, 2027 онд гэхэд ойролцоогоор жилд 1.9 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэж Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК таамаглалаа.
2023 онд уул уурхайн салбар нь нийт ДНБ-ийн 25 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 78 хувь, экспортын 87 хувийг бүрдүүлсэн байна. Монгол улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хамаарах хамаарал сүүлийн жилүүдэд улам ихэссээр байна.
Өнгөрсөн онуудад эрдэс баялгийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ өсөж, Оюутолгойн далд уурхайн ашиглалтыг эхлүүлсэн болон БНХАУ-ын нүүрсний эрэлт ихэссэн зэргээс шалтгаалан эдийн засаг хурдацтай өсөж байсан ч нэг салбараас хэт хамааралтай байгаа энэ байдал нь эдийн засгийг гадаад хүчин зүйлийн нөлөөнд хэт савлах эрсдэлд оруулж байна гэж "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК дүгнэжээ.