"Борзон VII" талбайд “Петро Матад Энержи Лимитед” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа
Газрын тосны хайгуулын "Борзон VII" талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, “Петро Матад Энержи Лимитед” компанийн хооронд байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Гэрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганхуяг, “Перто Матад” группийн Гүйцэтгэх захирал Майк Бак нар гарын үсэг зурлаа. “Петро Матад” компани Монгол Улсын Засгийн газартай 2006 онд анхны Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ байгуулж, газрын тосны хайгуулын үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдөр ийнхүү дөрөв дэх гэрээгээ зурж байна.
Борзон VII талбай нь 40,000 км²-аас том нутаг дэвсгэрийг хамардаг бөгөөд Монгол Улсын өмнөд хэсэгт, Хятадын хойд тунамал сав газруудтай хиллэдэг. Эдгээр сав газруудад газрын тос, байгалийн хийн илэрцтэй бөгөөд тэдгээрийн үргэлжлэл Борзон VII талбайд хамаарах боломжтой юм.
Газрын тосны ашиглалтын Матад ХХ талбайд 2024 оны 10 сарын 25-ны өдөр тус компани газрын тосны олборлолтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ингэснээр Монгол Улс газрын тосны 4 дэх ордыг ашиглалтад хүлээн авч, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн юм.
Тус гэрээний арилжааны нөхцөлүүд нь олон улсын зарим бүс нутгийн нөхцөлтэй харьцуулахад гадаадын хөрөнгө оруулагчдад илүү таатай байхаар зохицуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар газрын тосны хайгуул, олборлолтын хөрөнгө оруулалтыг татах замаар стратегийн зорилтоо биелүүлэх, Монголын газрын тосны үйлдвэрийг шаардлагатай түүхий эдээр хангах улмаар эрчим хүчний хараат бус байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.