Эрдэнэт үйлдвэрийн Хяналтын асуудал хариуцсан менежерээр И.Мөнхжаргалыг томилов
10 Цагийн өмнө
87
Эрдэнэт үйлдвэрийн Хяналтын асуудал хариуцсан менежерээр И.Мөнхжаргалыг томилов
Эрдэнэт үйлдвэрийн Хяналтын асуудал хариуцсан менежерээр Ишжамцын Мөнхжаргалыг томилж, энэ сарын 13-наас үүрэгт ажилдаа орж буйг мэдээллээ.
Хяналтын асуудал хариуцсан менежер И.Мөнхжаргал нь 1997-2000 онд ШУТИС-д технологич инженер, үйлдвэрлэлийн менежмент, 2005 онд “Шинэ иргэншил” дээд сургуульд бизнесийн удирдлага, 2013-2016 онд “Түшээ” дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж, төгссөн. Технологич инженер, эрх зүйч мэргэжилтэй, техникийн ухаан, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002-2009 онд ШУТИС-ийн Менежментийн тэнхимд багш, 2004-2014 онд “Төгөлдөр” ХХК-д захирал, 2014-2017 онд “Бат Энх Хүү” ХХК-д захирал, 2017-2021 онд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн, 2022-2023 онд Ардчилсан намын ХЭГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын Хяналт, үнэлгээний үндэсний хорооны сайдын зөвлөх зэрэг албанд тус тус ажилласан байна.
 
Хяналтын асуудал хариуцсан менежерээр томилогдоод буй И.Мөнхжаргал "Монгол Улсын Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу төрийн өмчит үйлдвэрийн газруудын үр бүтээмжийг дээшлүүлэх, ил тод нээлттэй болгох, авлига албан тушаалын гэмт хэргээс ангид байлгах даалгавар өгч, миний биеийг энд томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн болно. Та бүхэнтэй Эрдэнэт үйлдвэрийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хамтран ажиллах болсондоо таатай байна” гэжээ. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.