Төр төрийн өмчит компаниудад “төмөр нүүр”-ээ үзүүлэх цаг
2025.01.08
471
Төр төрийн өмчит компаниудад “төмөр нүүр”-ээ үзүүлэх цаг

Төрийн өмчит зарим компаниуд нийгмийн баялгийг үнэгүйдүүлж, чөлөөт өрсөлдөөнийг боомилж ирсэн. Бизнесийн орчныг гажуудуулж, хувийн хэвшлийн орон зайг тэд хумьсан. Төрд төрөөс давсан эрх мэдэл бүхий компаниуд “нутгийн зөвлөл” бий болгож, өрийн сүлжээ угсарсан. Ингэж данхайсан, даам гарсан компаниудад төр “төмөр нүүр”-ээ үзүүлэх цаг болсон байна.

Ар, өврийн хаалгаар хамгаалан авч үлдэх бус зах зээлийн үнэнтэй учруулах, алдаа оноог нь хэлэлцэх, хариуцлага тооцохгүй бол төрийн мөрөн дээр тэд сандайлжээ. Бизнес, хариуцлага, менежмент, бүтээмж, үр ашиг, инноваци, хөрөнгө оруулалт, ур чадвар. Эдгээр үгс нутагших бус эндээс үргэдэг болсон байна. 

Төрийн өмчит компаниуд төрийн нэрээр эрхэлж, тэнд хулгай, шахаа гэгч чимээгүй нүүрлэж, хууль хэрэгжихгүй болтлоо ялзарч доройтсон байна. Үр ашиг, үнэ цэн мартагдсан байна. Харин танил тал, нэг төгсөлт, бүлэг жигүүр, залуучуудын холбоо гэх үгс эчнээ дотно болжээ. Үндсэндээ төрийн өмчит компаниудад эрх ашгийн “цус ойртож”, бизнесийн эрүүл харилцаа, ёс зүй энд устах аюулд орсон байна.

2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43 хувь нь алдагдалтай ажиллажээ. Төрийн гэх тодотголтой 10 компани, үйлдвэр аж ахуйн нэгж тутмын 4 нь гэсэн үг. Энэ байдал олон жил үргэлжилсэн. Үүндээ нийгмийг дасгаж, бүхэлдээ хүлээн зөвшөөрөх, бараг л алдагдалтай ажиллах ёстой гэсэн “бичигдээгүй хууль” олны хариуцлага шаардах уур амьсгалыг зөөллөх өнгө аяс ч битүү цухалзах.

Үе үеийн Засгийн газар төрийн өмчит аж ахуйн нэгжээ цэгцлэх гэж “зүдэрдэг”. Тэр тусмаа алдагдалтай ажилладаг хэд нь төсвийн хөрөнгийг сорж, асуудал байнга тарьдаг. Ашигтай ажилладаг цөөн хэд нь эрх ашгийн “машин”-д хяргуулж, шахааны бай, улстөрчдийн хүнээ байрлуулах, бизнесээ тэжээх, амьдралаа өөрчлөх хэрэгсэлд цаг ямагт өртдөг. Ийм зовлонг төрийн өмчит аж ахуйн нэгж туулж, зарим нь энэ зовлонд живдэг.

Ерөнхий сайд, Засгийн газрын “толгойны өвчин” болдог энэ ужгирсан асуудал дахин анхаарлын төвд ирлээ. Дахин гэдэг нь асуудал улам л даамжирсан тул Засгийн газар өөрөө олны өмнө авчирлаа. Зорилго нь "эмчлэх". Эмчилж чадахгүй бол төрт улсаа ч эрсдэлд оруулах хэмжээнд төрийн бизнес иржээ. 

Төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүд бие даасан вант улс болж, нэгдмэл бус салангид оршиж, бүтээмж, үр ашиг хөсөр хаягджээ. Зарим нь цаас үйлдвэрлэж, цалингаа бүтэн авч, даргаа урамшуулж, улсаа хохиролд унагасан байна. Нөхцөл байдал ийм байгаа учраас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлгийг Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран өчигдөр зохион байгууллаа. Хуулийн төсөлд дээрх алдаа, дутагдлыг залруулахаар тусгаж. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Хуулийн төсөл батлагдсанаар хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно. Ард түмний өмчийг үр ашиггүй ажиллуулсан мөртлөө үр дүнгийн урамшуулал авдаг, хувийн хэвшлийн урдуур орж ажил хийдэг, үнэтэй машин унаж, гадаадад зугаалах нь ямар ч утгагүй. Энэ логикгүй байдлыг таслан зогсоож, төрийн өмчит компанийн үр ашиг, өгөөжийг ахиулахаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Хуульд төрийн өмчит компани, үйлдвэрийн газар зэрэг ойлгомжгүй статусыг цэгцэлж, гүйцэтгэх удирдлага, ТУЗ гишүүдийг тавигдсан шаардлагын дагуу нээлттэй сонгон шалгаруулна. Жил бүр гүйцэтгэх удирдлагатай төлөвлөгөөнд суурилсан гэрээ байгуулж үр дүнд хүрээгүй тохиолдолд ажлаас чөлөөлнө. 3 жил алдагдалтай ажилласан бол компанийг татан буулгана зэрэг засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салгах чиглэлд чухал заалтуудыг тусгаж өгсөн" гэлээ. 

Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. УИХ хуулийн төслийг хэрхэн хурцалж, үзэл санаа, үг өгүүлбэрт ямар өөрчлөлт оруулах нь онцгой сонин. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн үйл ажиллагаанд өмнө 76, одоо 126 болсон УИХ-ын нөлөө, оролцоо асар их. Төрийн өмчит компани тойрсон балагтай түүхүүд нэгэндээ халдварлаж, улсын хөгжлөө тэтгэх бус улсаасаа хулгай хийдэг муу жишгийг тогтоож өгчээ. 

Төрийн өмчит зарим компанийн захирал нь хөлжиж, хүрээлэл нь тэлж, авчирсан баг нь мөнгөжөөд явдаг. Үлдээсэн компани, үйлдвэрийн газар өөдлөх бус уруудаж, өр авлагын баланс нь өчигдрөөс зузаарсан байдаг. Ийм байгаа учраас л төр "төмөр нүүр"-ээ харуул гэж байгаа юм. Төрийн өмчит компанийн зохицуулалт, өмчлөлийн талаар баримтлах нэгдсэн бодлого гэж манай улсад алга. Үүнийг цэгцлэх, дэг журамтай байлгах эрх зүйн орчин нь бүрдээгүй юм байна. Санаатай, санаандгүй орхигдуулж ирсэн үү. Хэм хэмжээ тогтоох, "тоглоомын дүрэм"-ийг тодорхойлох эрх зүйн орчны "цоорхой" засаглал, үйл ажиллагаанд нь хяналт тавих аргагүй болгожээ. Ийм орон зайд зах зээлийн зарчим үйлчлэхгүй. Зарчим байхгүй учраас засаглал яриад нэмэргүй юм байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.