Мөнгөний бодлогод мөрөөдөх орон зай үлдээх болов уу, тэд...
Мөнгөний бодлогод мөрөөдөх орон зай үлдээх болов уу, тэд...

Монголбанк ирэх жилийн мөнгөний бодлогоо тодорхойлж, "замын зураг"-аа гаргалаа. Тэдний олон сараар бодож боловсруулсан мөнгөний бодлогын төслийг УИХ намрын чуулганаараа хэлэлцэн батална. Энэ удаа 76 бус 126 гишүүнтэй шинэ парламент 2025 оны мөнгөний бодлогын төсөлд өөрсдийн үнэлгээ, дүгнэлтээ өгч, эцэст нь төрийн мөнгөний бодлого хууль болон гарч ирнэ. Тэр хүртэл ороо бусгаа олон сорилт дундуур мөнгөний бодлого туучих нь дамжиггүй. 

Онцлог нь 126 дотор төсөв, мөнгөний бодлогыг гадарлах, ойлгох, зовлон, жаргал, мөн чанарыг таньж мэдэх цөөнгүй "кандидат" бий. Мөн эсрэг зүг залж, мушгин гуйвуулах эсвэл мөнгөний бодлогын "Цагаан толгой"-той анхлан танилцах эрхмүүд ч асуулт асуухад бэлхэн суугаа. Тэдний гараар 2025 оны төрийн мөнгөний бодлого жинхэнэ төрхөө олж, жирийн иргэдээс эхлэн жижиг, дунд болон том аж ахуйн нэгжүүдэд нөлөө нь хүрнэ.

Хүүхдийн мөнгөө, эсвэл сарын цалингаасаа хуримтлал үүсгэх залууст ханшаар дамжин бодлогын алдаа, оноо нь тусна. Өндөр настан, өнөөдрөө болгож буй нийгмийн бүхий л хэсэгт мөнгөний бодлого хүрч үйлчилж эхэлнэ. Цалингийн зээлээс эхлэн тэтгэврийн зээл хүртэлх бүхий л банк санхүүгийн харилцаанд мөнгөний бодлого зохицуулалт хийнэ. Бидний анзаарч харах, ажиглах ёстой бодлого бол мөнгөний бодлого юм. Намуудын мөрийн хөтөлбөр, хоосон амлалтаас илүү мөнгөний бодлого бидний амьдралд жин дардаг. 

Монголбанк инфляцын түвшинг дунд хугацаагаар зураглан тооцоолж, ирэх онд 5 орчим хувьд барих "прогноз" дэвшүүлчихээд байгаа. Тэдний хадгалж үлдэх хүсэл эрмэлзэл нь ийм боловч энэхүү тойрогт "уях" нь тун амаргүй билээ. Түлш шатахуун, эрчим хүч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гээд суурь инфляцыг бүрдүүлэх хүчин зүйлүүд импортоос үлэмж хамааралтай хэвээр байгаа. Ийм нөхцөлд инфляцын эрсдэлээс эдийн засгийг хаацайлахгүй боломж тун хомс юм. Тиймээс 2025-2026 онд 5+/-2 нэгж хувийн интервалттай байлгахаар мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ.

Эндээс харахад, төв банкны инфляцыг тогтворжуулах алсын хараа 5 хувиар хэмжигдэх бөгөөд энэ нь 2027 хүртэл "хүчинтэй" байхаар мөнгөний бодлогын төсөлд суугджээ. Улсын хэмжээнд инфляц өнөө 6.2 хувь байна. Инфляцыг онилох мөнгөний бодлогын тогтолцоотой үед эдийн засгийг удирдах гол хэрэгсэл нь бодлогын хүү юм.  

0t5a0875 

Төв банк 2024 он гарсаар гурван ч удаа бодлогын хүүгээ бууруулж, 13 хувиас 10 болтлоо мөнгөний бодлого зөөлөрсөн. Инфляцыг 5 хувийн түвшинд Монголбанк үндсэндээ шууд төсөөлж байна гэхээр бодлогын хүүгээ цаашид ч тэд бууруулах, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, хумигдаж буй зээлийн олдоцыг нэмэгдүүлэх, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэх юм байна гэж шинэ мөнгөний бодлого уншигдах аж. Төв банкнаас арилжаалж буй хамгийн богино хугацаатай үнэт цаасны хүүг бодлогын хүү гэдэг. Онолын дагуу мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон зээлийн хүүд нөлөөлдөг. Инфляцын зорилтоос ажихад мөнгөний бодлого дахин буурах хүлээлт үүснэ. 

Хамтарсан Засгийн газар далайцтай гэх үү, эсвэл дахиад ингэж засаглах боломж олдохгүй гэж харсан уу, 14 мега төсөл хэрэгжүүлэхээр болж, 2025 оны төсвийн төсөлд зарим шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгаж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхээр зориг шулууджээ. Төсвийн төслийн ирэх жилийн зарлага 35.6 их наяд төгрөг. Төсвийн орлого, зарлага шинэчлэгдэж, өөдрөг төсөөлөлд эрх баригчид түшиглэхтэй хамт мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Монголбанк  "инфляц 5 хувиас ер нь холдохгүй дээ..." гэсэн утга бүхий төсөл танилцуулсан нь эсрэг, тэсрэг чигийг заах боловч харилцан эдийн засгаа тэтгэх, дэмжих агуулга тодрох. Төсөв, мөнгөний бодлогын хүсэл уулзаж байсан түүх ер нь ховор. Бие биенийхээ дайсан болж, "Би үүгээр явъя, чи түүгээр яв..." гэхээр зарчмын зөрүүн дээр тэд огтлолцож ирсэн. 

Засаг төсвийн тоондоо төөрөлдөх шинэ парламент руу задгай төсөв авч орох нь ойлгомжтой болсон энэ үед мөнгөний бодлогоор дамжуулан инфляцыг 5 хувийн тойрогт "царцаах" төв банкны хүсэл дахин хясалтай нүүр тулахаар харагдана. Мөнгөний бодлогод мөрөөдөх орон зай ч засаг  олгох шинжгүй байна. Үүний илрэл нь 2025 оны төсвийн төсөл юм. Төсвийн төсөл ийм данагар байгаа цагт инфляц тав, зургаан хувь гэдэг уншигч танд биелэх зорилт шиг сонсогдож байна уу...

Төсвийн зарлага өөрөө инфляцыг өдөөж байдаг хүчин зүйл. Тэр тусмаа импортыг шууд дэмжих, улмаар дотоодоос гадагшлах валютын урсгалыг эрс нэмэгдүүлж байдаг сул талтай. Ийм нөхцөлд төгрөгийн ханш суларч, инфляц өрхийн эдийн засгийг өрөвдөхгүй, хайрлахгүй торгож эхэлдэг. Инфляц өндөр байх тусам л хадгаламжийг үнэгүйдүүлж, хэрэглээг үнэтэй болгож, төгрөгийн үнэ цэнийг бууруулж байдаг хортой. 

Төсвийн дарамт инфляц болж, мөнгөний бодлогын орон зайг дунд хугацаанд хумих төдийгүй чөлөөтэй сэтгэх, бие даасан мөнгөний бодлого хэрэгжүүлэх төв банкны хараат бус эрх чөлөөг хязгаарлах ч сөрөг нөлөөтэй.

Манай улсын эдийн засагт урьд хожид байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт төсвөөр дамжин ирэх жилүүдэд орж ирэхээр байгаа нь инфляцыг давхар оронтой тоо руу чирж мэдэх бодитой эрсдэл юм. Үүний цаана Засгийн газрын гадаад болон дотоод өрийн эрсдэл нэмэгдэх талтай. Инфляц зорилтот бүсээс гарах тусмаа л микро эдийн засагт буюу бага, дунд орлоготой иргэдийн амьжиргаанд нэрмээс болдог. Бага инфляцыг баримжаалах төв банкны бодлогын нөлөөг төсөв ахиад л сульдаах өдрүүд эхэлж байна. 

tugrug  

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.