Зээлжих зэрэглэл төр, хувийн хэвшилд ямар боломж нээх вэ...
Зээлжих зэрэглэл төр, хувийн хэвшилд ямар боломж нээх вэ...

"Фитч" агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд онцлох соргог мэдээ байлаа. Сүүлийн 10 жилд тохиогоогүй үйл явдал гэхээр тэр хэрээр үнэ цэн нэмэх. Ийм урт хугацааны дараа Монгол Улс зээлжих зэрэглэлээ сайжруулж, олон улсад нэр хүндээ баталгаажууллаа.

"В+/Тогтвортой" түвшин гэдэг өндөр үнэлгээ. Үүний төлөө хөгжиж буй орнууд өрсөлддөг. Хямд зардлаар хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр улсдаа авчрах гэж тэд улайрдаг. Зэрэглэл шилжиж, сайжирна гэдэг хөрөнгө оруулалтын зардал буурна гэсэн үг юм.

Монгол Улс хөрөнгө оруулагчдад хэлэх үгтэй боллоо. Тэдний хараанд өртөх түвшний зээлжих зэрэглэлтэй болж, хэлцлийн ширээнд нүүр бардам суух эрх авлаа. Хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангууд, мөнгөний эзэд голчлон зээлжих зэрэглэлийг нь хардаг. Үүгээр хэмжиж, түнш, харилцагч, хөрөнгө оруулагчаа танддаг. Санхүүгийн далайд олон хэмжүүр бий. Түүнээс хамгийн их итгэл төрүүлэхүйц тулах цэг нь зээлжих зэрэглэл юм.

Эргэн сануулахад, 2013 оноос манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтмол уруудаж, 2016 онд хамгийн доод шатандаа хүрч байсан билээ. Энэ үед манай улс ОУВС-гийн хөтөлбөрт орсноор зээлжих зэрэглэл аажмаар сэргэж, 2018 онд "В" ангилалд ирсэн юм. Энэ түвшнээс өнөөдөр "В+/Тогтвортой" болж, төр, хувийн хэвшилд гэрэл асав. 

fitc Зээлжих зэрэглэл нь хөрөнгө оруулалтын олон боломж дууддаг. Зэрэглэлийн түвшин өндөр байх тусмаа л харилцах, хамтрах цар хүрээг тэлдэг. "Нөхрийн чанар"-ыг таних үзүүлэлт ч гэж энгийнээр буулгаж болох юм. Товчхондоо, зээлжих зэрэглэлийг зээл эргэн төлөлтийн чадамж, санхүүгийн сахилга бат, найдвартай байдал, засаглал, хэлсэндээ хүрдэг зарчмын илэрхийлэл гэвэл онох.

Зэрэглэл сайтай улс, компани хөрөнгө оруулалт илүүтэй амжилттай татаж, татсан хөрөнгө оруулалт нь хямд өртөгтэй, зээлийн хүү нь бага байдаг. Харин зэрэглэл тааруу бол тухайн улс, хувийн хэвшилд мэргэжлийн сангууд тоож хөрөнгө оруулахгүй эсвэл маш өндөр үнээр хөрөнгө татах шаардлага үүсдэг. 

Зээлжих зэрэглэл итгэлийн хэмжүүр. Дэлхийн санхүү, хөрөнгө оруулалтын орчинд өөрийн нөлөөгөө тогтоосон, хүлээн зөвшөөрөгдсөн зээлжих зэрэглэлийн гурван том агентлаг бий. Үүний нэг нь "Фитч" агентлаг. Тэдний үнэлгээг дэлхий, бидний харилцах, хэлцэл хийх хөрөнгө оруулагчид, санхүүгийн томчууд хардаг гэсэн үг. Тэр тусмаа хөгжиж буй орнуудад зээлжих зэрэглэлийн үнэлгээ маш чухалд тооцогддог. Энэ утгаараа Монгол Улс зээлжих зэрэглэлээ ахиулж чадсан нь боломж нэмэгдэх үүд юм.

"Фитч" агентлаг Монгол Улсын Зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+/Тогтвортой” болгон  нэмэгдүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хурлаар танхимын гишүүддээ өчигдөр танилцуулж, уг танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө гаргах, холбогдох ажлын хэсгийг байгуулж ажиллахыг Ерөнхий сайд Сангийн сайд Б.Жавхланд даалгасан байна. Зээлжих зэрэглэл ахих хэцүү, харин алдран унах амархан. 

Өнгөрсөн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал болон геополитикийн нөхцөл байдлаас үүссэн олон хүндрэлээс шалтгаалан дэлхийн 70 гаруй орны зээлжих зэрэглэл богино хугацаанд буурч, эргээд 50 гаруй орны зээлжих зэрэглэл одоогоор нэмэгдсэн байна. Энэ 50 орны нэг нь Монгол Улс болж, зээлжих зэрэглэлээ бууруулахгүйгээр “В” зэрэглэлд тогтвортой хадгалж, улмаар сүүлийн 10 жилд анх удаа зээлжих зэрэглэлээ сайжруулж “В+/Тогтвортой” түвшинд хүргэж чадсан нь томоохон үйл явдал юм.

Зээлжих зэрэглэлийг ахиулахад Засгийн газар, Сангийн яамны ажлын үр дүнг олон улсын агентлагууд нарийвчлан хардаг. Сангийн сайд Б.Жавхлангийн ажлын үзүүлэлт ч гэж хэлж болох юм. Учир нь Засгийн газрын хэрэгжүүлсэн санхүү, төсөв, өрийн удирдлагын үр дүнд нь Монгол Улс удаан хугацааны дараа зээлжих зэрэглэлээ ахиулж, хөрөнгө оруулагчдаас оноо аваад зогсохгүй улсынхаа хувийн хэвшилд шинэ боломж нээлээ.

Улсын зээлжих зэрэглэлийн түвшин ахихтай зэрэгцэн арилжааны банкуудын зээлжих зэрэглэл ч шил шилээ даран сайжирч байна. ХААН банк, Хас банкны зээлжих зэрэглэл урагшилж, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй "Энержи Ресурс" /“Mongolian Mining Corporation”/ компанийн зээлжих зэрэглэл мөн л нэмэгдэх болзол хангагдлаа.

Олон улсад данстай Засгийн газрын бондууд болон дотоодын бондуудын үнэлгээ эрс сайжирч, Монгол Улс "Фитч" агентлангаас манайд өгч байсан хамгийн өндөр үнэлгээн дээрээ буцаж ирлээ.  Нэг бүтэн зэрэглэлээр Монгол Улс үнэлгээгээ ахиулж, олон улсын санхүү, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагчдын дунд нэр хүндээ өсгөн бэхжүүллээ.

Улсын зэрэглэл өндөр байх нь хувийн хэвшлээ тэлэлт, хөгжил рүү хөтөлдөг. Зэрэглэл сайтай улс оронд хөрөнгө оруулалт ихээр хийгдэх, эдийн засаг сайжрах, зээлийн хүү буурах нөхцөл бүрддэг. Тэрчлэн эдийн засгийн дархлаа сууж, зах зээлийн савлагаа тогтворжиж, эрсдэл буурч, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй болдог. Зээлжих зэрэглэл ахих хэрээр хөрөнгө оруулагчдад таатай бүс нутаг болж, бизнесийн боломжууд дэлгэрдэг. 

zeelzih_zereglel_bond 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.