Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал ирэх сард болно. Үүгээр бодлогын хүүг хэлэлцэнэ. Төв банкны бодлогын хүү өнөө 13 хувь бол улсын хэмжээнд инфляцын түвшин энэ оны нэгдүгээр сард 7.6 хувьтай гарав. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг инфляц илтгэдэг. Хоёр оронтой тоонд 2021 оны 11 дүгээр сараас хойш “мөнхөрсөн” инфляц сүүлийн дөрвөн сарын турш төв банкны зорилтот хэмжээнд тогтвортой, томоотой чиг байлаа. Энэ нь инфляц нэгэн оронтой тоо руу бууж, сөрөг нөлөө нь холдсон гэсэн үг.
Төв банк бодлогын хүүгээ бууруулах, мөнгөний хатуу бодлогоос татгалзах замд хамгийн том чөдөр тушаа болж ирсэн нь инфляц. Инфляц өндөр буюу 10 хувиас дээш байсан нь бодлогын хүүг хоёр оронтой тоонд тэр хэрээр удаан хадгалах, улмаар мөнгөний хумих бодлогыг тасралтгүй хэрэгжүүлэхэд хүргэсэн. Тэгвэл инфляц 7.6 хувьтай байгаа нь бодлогын хүүг бууруулах, 13 хувь дээр "царцсан" бодлогын хүүг өөрчлөх магадлалыг нэмэгдүүлж байна. Бодлогын хүү нь инфляцийг удирдах “зэмсэг”-ээс гадна мөнгийг хумих, тэлэх үндсэн хэрэгсэл.
Инфляц сүүлийн гурван сарын турш төвбанкны зорилтот түвшинд байсан нь ийнхүү мөнгөний хатуу бодлогыг зөөлрүүлэх, ирж яваа хаврын эдийн засгийг дэмжих хөшүүрэг болж магадгүй. Бодлогын хүү инфляц дагаж өөрчлөгдөж ирсэн. Инфляц төвбанкны бодлогын хүүг тодорхойлж, үүгээр дамжин арилжааны банкны зээл болон хадгаламжийн дундаж хүү зах зээл дээр тогтож байгаа. Улсын төсөв тэлсэн нь инфляц болж, мөнгөний бодлого жолоогоо татахад хүрдэг. Энэ байдал төсөв, мөнгөний бодлого хоорондоо сөргөлдөх, эсрэг тэсрэг байр суурь илэрхийлэхэд хөтөлдөг.
Оны өмнө хуралдсан Мөнгөний бодлогын хороо тухайн мөчид бодлогын хүүг өөрчлөх хувилбар гаргасан. Гэвч төсвийн зардлын тэлэлт, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт үргэлжлэхээр байгаа нь инфляцыг гааруулж мэднэ хэмээн тэд болгоомжилсон. Тиймээс бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргаж, 13 хувь энэ онтой золгосон юм. Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарсан, валютын албан нөөц өндөр хэвээр, өрийн дарамтууд холдсон, урсгал тэнцэл сүүлийн 15 жилд анх удаа ашигтай гарсан нь бодлогын хүүг эргэж харах итгэлийг Мөнгөний бодлогын хороонд одоо бүрэн дүүрэн өгч байна.