Уул уурхайн салбарт энэ онд хийгдсэн хамгийн том хэлцэл бол алтны компаниудын нэгдэл. Тэдний хоршил улс төрийн сонгуулийн салхи шуурганд дарагдаад өнгөрөх хэмжээний бичил асуудал биш юм. Энэ бол томоохон өөрчлөлт байлаа. Зах зээлд нөлөө бүхий компаниудын шилжилт хөдөлгөөн, хөрөнгө оруулагчдын гаргасан шийдвэр нь өнөөдрийн алтны салбарт ойрын жилүүдэд байгаагүй шинэ соргог үйл явдалд тооцогдох учиртай. Энэ бол "Степ голд", "Бороо гоулд" компанийн нэгдэн нийлэх хэлцлийн үр дүн юм. Тэд алтны үйлдвэрлэгчдийн зиндаа, цар хүрээг дотоодын зах зээлд шинээр тодорхойлох хэмжээнд хүрч ирлээ.
Дорнод аймгийн Алтан цагаан овоо ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй "Степ голд" компани төслөө 2017 оноос хэрэгжүүлж, 2020 онд үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Компанийн түүх залуухан. 2016 онд байгуулагдсан тус компани хоёр жилийн дараа буюу 2018 онд Канад дахь Торонтогийн олон улсын хөрөнгийн бирж дээр IPO-гоо амжилттай гаргаж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон юм. Торонтогийн хөрөнгийн бирж бол олон нийтэд нээлттэй уул уурхайн компаниудын 40 гаруй хувь нь төвлөрдөг гол зах зээл, том талбар. Тус бирж дээр Монголд үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэ Ресурс", "Степ голд" бүртгэлтэй. "Эрдэнэ Ресурс" мөн Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй анхны компани.
Тэгвэл 25 сая канад долларын хөрөнгө босгож, энэ цагаас уул уурхайн салбарт, тэр тусмаа алтны салбарт амжилтаараа богино хугацаанд ялгарсан "Степ голд" олон сайн, мууг үзэж туулсан "Бороо гоулд" компанийг өөртөө нэгтгэж, өнөө хүчээ нэмлээ.
Ингэснээр "Степ голд" нь Монголын алтны хамгийн том үйлдвэрлэгч байх боломж, нөхцөлийг гартаа атгалаа. Энэ зуны хамгийн даруухан мөртлөө ланжгар хэлцэл яах аргагүй энэ байв.
Хувьцаа хөрвүүлэх нөхцөлөөр "Бороо гоулд" компанийн бүх энгийн хувьцааг "Cтеп голд" халааслав. "Степ голд" компанийн түүх бичигдэж эхэлсэн цагаас амжилттай удирдан залж буй эрхэм бол Т.Батаа. Түүний хувьд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн. "Степ голд" нь 2017 онд одоогийн үйл ажиллагаа явуулж буй "Алтан цагаан овоо" төслөө бусдаас худалдан авсан. Хэнээс гэж үү. "Бороо гоулд" компанийн толгой компани болон "Сентерра Гоулд"-аас...
Мөн "Уудам хөндий" төслийг ч өөрийн болгосон түүхтэй. "Уудам хөндий" төсөл нь Баянхонгор аймагт бий. Хоёр дахь төслийн хөгжүүлэлт хэрхэн хийгдэж буй талаар дараа дахин өгүүлэх болно. Энэ удаад алтны компаниудын нэгдэн нийлэх үйл явцыг илүүтэй дэлгэрүүлэхийг зорив.
"Степ голд" компани Алтан цагаан овоогийн баталгаат нөөцөө шинэчилж, уурхайн ашиглалтын хугацааг 2036 хүртэл сунгасан. Өдгөө төслийн хоёр дахь үе шат үргэлжилж буй. Алтан цагаан овоо нь алт төдийгүй холимог металлын орд газар юм. Төслийг шинэ шатанд авчрах бүтээн байгуулалтад шаардлагатай 150 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэхээс 50 орчмыг нь босгож, ирэх оны IV улирлаас үйлдвэрлэлийн жилийн хүчин чадлаа 100,000 унцад хүргэх төлөвлөгөөтэй Степчүүд шамдуулж байна. 2026 он гэхэд жилд багадаа 90,000 унц буюу 2.5 тонн алт үйлдвэрлэх боломж бүрдэх юм байна.
"Степ голд" нь 2023 онд Перу дахь Tres Cruces алтны төслийг хувьцааны арилжаагаар худалдаж авсан. Тэгвэл жилийн өмнө авсан энэхүү төслөө дээрх хэлцлийн хүрээнд "Boroo Pte Lte" компанид 12 сая канад доллароор зарахаар тохирсон юм. Өөрсдийн хөгжүүлж ирсэн "Алтан цагаан овоо" төслөө "Бороо гоулд" компани нь "Степ голд"-ын мэдэлд нэгэн цагт шилжүүлж, худалдаж орхисон бол өнөөдөр хуучны түншүүд дээрх хэлцлийн дүнд эргэн хамтрагчид болж, гол хувьцаа эзэмшигчээ болголоо.
Харин "Бороо гоулд" компанийн тухайд Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулдаг. Бороогийн уурхай ажиллаж байх үе буюу 2004-2017 онд нийт 13 жилийн хугацаанд тус компани 56.7 тонн алт олборлож, Монгол Улсын төсөвт 341 тэрбум төгрөгийн татвар төлсөн түүхтэй болохоо цахим хуудаснаа онцолжээ.
"Бороо Гоулд" компанийн толгой компани нь OZD Asia. Сингапур улсад төвтэй тус компани нь Австрали, Сингапур, Монгол Улсын томоохон аж ахуйн нэгжүүд болон бусад хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгон, төслүүд санхүүжүүлж ирсэн. Эргэн сануулахад Канадын "Сентерра Гоулд" нь 2018 онд Сингапурын OZD Asia Pte компанид өөрийн буюу Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, Гацууртын алтны төсөл бүгдийг багтаан 35 сая ам.доллароор зарж буйгаа албан ёсоор мэдэгдэж байлаа. OZD Asia нь хожим нэрээ өөрчилж, Boroo Pte Lte болсон юм. Boroo Pte Lte нь хэлцлийн дүнд өдгөө "Степ голд" компанийн 55.9 хувийг эзэмших эрхтэй болоод байгаа нь энэ.