Уул уурхайн биржийн ээлжит давалгаа: Зэс
Уул уурхайн биржийн ээлжит давалгаа: Зэс
Монгол Улс ирэх жил биржээр дамжуулан зэсийн нийт экспортын тодорхой хувийг арилжаална. Гэхдээ нүүрс, зэсийн арилжаа харилцан адилгүй. Зэсийн худалдаа нэлээд онцлогтой, урт хугацааны хэлцэл, тогтвортой гэрээ хийгддэг. Үүнийг хэрхэн бирж рүү хөрвүүлэх нь ихээхэн сонирхолтой үйл явц юм. Эдгээрийг ажиглах, хүлээх үлдэж байна.

Уул уурхайн салбарт гарч буй онцлох ололт, амжилт цөөнгүй. Үүний нэг нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль юм. Хууль гарах гэж олон жил дуншсан. Цөөнгүй сорилт, бэрхшээлтэй тулж, тулгарч байсан. Эцэст нь, Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулах биржийн тогтолцоог цогцлоох эрх зүйн орчинтой болсон. Томоохонд тооцогдох ахиц, дэвшлүүдийн нэг. Хууль энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. 

Экспортын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаар буюу нээлттэй өрсөлдөөний зарчмаар худалдаалах боломж бий болсноор ил тод байдал сайжрах, ашиг орлого, татвар, хураамж тэр хэрээр нэмэгдэх учиртай. Тэрчлэн олон жил бугшсан худалдааны гажуудал, хуудуутай байдал арилж, жам ёсоороо хөгжих зам мөр тэгшрэх юм. Арилжаа “арын хаалга”-гүй болно гэсэн үг. 

Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс нүүрсний экспорт биржээр анхлан хийгдсэн. “Эрдэнэс Тавантолгой” компани зөвхөн биржээр 7.2 сая тонн нүүрс борлуулж, 359.7 сая ам.долларын нэмэлт орлоготой ажилласан дүн мэдээтэй байна. Төрийн өмчит компаниуд биржээр заавал бүтээгдэхүүнээ худалдаалах хуулийн заалттай бол хувийн хэвшилд сонголтыг нь сул чөлөөтэй орхисон. Энэ оны хувьд нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалж байна. 

Ирэх онд уул уурхайн биржийн үйл ажиллагаа цар хүрээгээ улам тэлж, худалдаалах бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэнэ. Нүүрс, төмрийн хүдрээр хязгаарлагдахгүй жонш болон зэсийн баяжмал орж ирнэ. Биржээр дамжуулан арилжаалах эрдэс бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг жил ирэх тусам нэмэгдүүлэхээр байгаа. Энэ жилийн хувьд эрдэс бүтээгдэхүүний нийт экспортын 20 хүртэлх хувийг биржээр арилжаалах зорилт дэвшүүлсэн. Эхний жилийн хувьд оролцогчид танилцах, суралцах, талууд нөхцөл байдалд дасан зохицох хэрэгцээ, шаардлага байгааг үгүйсгэх аргагүй. Шинэ тутам учраас ойлгох шалтгаан бий.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Уул уурхайн долоо хоног”-ийн хоймроос “Монгол Улс 2024 оноос зэсээ биржээр дамжуулан арилжаална” хэмээн мэдэгдсэн. Түүний үг төрийн бодлого, зарчим, байр суурь. Манай улсын экспортыг солонгоруулах, орлогыг төрөлжүүлэх гол бүтээгдэхүүний нэг нь зэс. Энэ металл эдийн засгийг бүхий л цаг үед аварч, өнөөдрийн түвшинд хүргэсэн төсвийн орлогын чухал эх үүсвэр. Жил жилийн төсөвт зэс, нүүрс түүхэн үүрэг гүйцэтгэж, улсын эдийн засгийг нуруундаа үүрдэг. Хүндлэл хүлээдэг таваар. 

45 жилийн турш зэс Монголын эдийн засгийн зүтгүүр нь байлаа. Өөдөөс ирэх он жилүүдэд ч зэсийн гавьяа их. Эдийн засгийн өнгийг тодорхойлох зэсийн зах зээлийн төлөв дунд хугацаанд өөдрөг чигийг заана. Харин богино хугацаанд үнэ нь уналттай байх бараан таамаг гарч эхэлсэн. Ийм үе нь 2024 онд тохиох бөгөөд үнийн өөрчлөлт төсвийн орлогын төлөвлөгөөг тодотгох хэмжээний нөлөө үзүүлж мэдэх юм. Хэдий тийм боловч зэсийн эрэлт, хэрэгцээ ирээдүйд өсөн нэмэгдэх хандлага хэвээр байна. Биржээр зэсээ дамжуулан /тодорхой хэсгийг нь/ худалдаалах зарчмаасаа засаг ухрах эсэхийг зах зээл, цаг хугацаа, улс төрийн сонгууль тод харуулах биз ээ. 

Роберт Фрийдланд “Уул уурхайн долоо хоног”-ийн индрээс “Дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтийг ердөө 3 хувь хангахын тулд МЭӨ 4000 оноос хойш сүүлийн 10 мянган жилд олборлосонтой тэнцэхүйц зэс буюу 700 сая тонн зэс дараагийн 22 жилд шаардлагатай болж байна” хэмээн илтгэлдээ дурдсан. Асар их хэрэгцээ бий болохоор байна. 2035 он гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос хамгийн багадаа 82 хувиар нэмэгдэх төлөв, таамгийг ч дэвшүүлнэ лээ. Зэс чухамхүү металлын хаан учраас хамаг л цаг үед өөрийн ноёрхлоо тогтоосоор байх нь гэсэн дүгнэлтийг эндээс шууд хийж болохоор. 

Монгол Улс ирэх жил биржээр дамжуулан зэсийн нийт экспортын тодорхой хувийг арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлж таарна. Гэхдээ нүүрс, зэсийн арилжаа харилцан адилгүй. Зэсийн худалдаа нэлээд онцлогтой, урт хугацааны хэлцэл, тогтвортой гэрээ хийгддэг. Илүү ярвигтай гэлцдэг. Үүнийг хэрхэн бирж рүү хөрвүүлэх нь ихээхэн сонирхолтой үйл явц юм. Эдгээрийг ажиглах, хүлээх үлдэж байна. Зэсийн арилжаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Оюутолгой" компани дөрөө харшуулах уу, жолоо татах уу гэдгийг тэдний сонголт илүүтэй мэдэх юм. 

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.