Алтны үнийн төлөв, таамгууд...
Алтны үнийн төлөв, таамгууд...
Дэлхийн нэр хүнд бүхий санхүүгийн байгууллага, шинжээчид дор бүрнээ алтны үнийн төсөөллөө шинэчилж, ахиулсаар. Энэ оны эхний улирлыг өсөлт, өндөр нэр хүндээр алт давлаа.

Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд алт ирлээ. Хямрал, хүндрэлийн бүхий л цаг үед баталгаатай "хатуу валют", хөрөнгө оруулалтын найдвартай хэрэгсэл болж чаддаг алтны төлөв ихээхэн өөдрөг байна. Дэлхийн нэр хүнд бүхий санхүүгийн байгууллага, шинжээчид дор бүрнээ алтны үнийн төсөөллөө шинэчилж, ахиулсаар. Энэ оны эхний улирлыг өсөлт, өндөр нэр хүндээр алт давлаа.

Шар металлын ханш огцом чангарч, шинжээчдийн таамгийг богино хугацаанд эвдсэн. “Goldman Sachs” алтны үнийг 2700 ам.доллар болгон нэмэгдүүлсэн бол Citigroup 3000 ам.доллар давна гэж төсөөллөө. 

Нөлөө бүхий санхүүгийн байгууллагууд таамгаа дандаа уралдан өсгөж, шинэчлэн тогтоов.  АНУ мөнгөний бодлогоо зөөлрүүлэх "уур амьсгал" бүрдсэн нь алтны үнэ цойлох үндсэн шалтгааны нэг болж байна. 

Үнэ цэнэтэй металлын тэргүүн эгнээнд залрах алтны эрэлт нэмэгдсээр. 2023 онд алтны эрэлт 4,899 тонн-д хүрч, энэ нь түүхэн дээд хэмжээ болсон. Үүнд биржийн болон биржийн бус зах зээлийн арилжааг нэгтгэн тооцсон байдаг. Тэрчлэн дэлхийн төв банкуудын алтны худалдан авалт хоёр жил дараалан 1000 тонн давсан. 2023 онд л гэхэд төв банкуудын худалдан авалт 1037 тонн-д хүрсэн билээ. 

Алтны зах зээлд жин дарах БНХАУ-ын Төв банкны худалдан авалт 2023 онд 225 тонн-д хүрсэн нь 1977 оноос хойшхи хамгийн өндөр түүхэн худалдан авалт болсон. Хятадын алтны эрэлт тасралтгүй нэмэгдсээр байгааг энэ тоо харуулна. Үүнд тус улсын дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт ч нөлөөлсөн байна. 

Алтны үнэ цэнэ улам нэмэгдэхэд өндөр инфляц, геополитикийн тодорхой бус байдлууд, ОХУ, Украины хооронд үргэлжилж буй дайн, Америкийн төв банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт шууд болон шууд бус байдлаар нөлөөлж, тусгал нь зах зээлд богино хугацаанд ийнхүү мэдрэгдэж эхэлсэн.

Сүүлийн хэдэн сард алтны үнэ ихээхэн өөрчлөгдлөө. Богино хугацаанд огцом дээшилж, үнийн өсөлтөөрөө олон улсын зах зээлийг доргиов. Одоогийн гялалзсан өсөлтийн хурдаар энэ онд алтны үнэ шинэ рекорд тогтоож магадгүй нь.

Дэлхийн улс төр, эдийн засаг, хөрөнгийн зах зээл,  геополитик зэргээс шалтгаалан алтны үнэ байнга хэлбэлзэж, хөрөнгө оруулагчид үе үе хошуурахад хүрдэг. 

Эдийн засгийн эрсдэлийн толь болдог алтны ханшийн өсөлтөөс дэлхийн уур амьсгал, хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчдын бодол, санааг ч тааж болохоор. АНУ, БНХАУ-ын хооронд удаан хугацааны турш үргэлжилсэн худалдааны дайн алтны ханшийн төлөвт хүчтэй нөлөө үзүүлж байсан. Тэгвэл өнөөдөр зэвсэгт мөргөлдөөн, дайны "сүүдэр" алтны үнийн өсөлтийг энэ чигээр улам дэмжихээр байна. 

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС тэргүүтэй санхүүгийн байгууллагууд  дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг танаж, оны өмнөх нааштай таамгаа ээлж дараалан  бууруулсан. Бүс нутаг болон улсаар нь авч үзэхэд эдийн засгийн өсөлт 2023 оны түвшинд ч хүрэхээргүй байна. Энэ нь алтны ханш ахиад өсөх орон зай байгааг давхар илтгэх аж.

Хөрвөх чадвар сайтай гэдгээрээ хэзээд үнэ цэнтэй байдаг алтны ханш энэ онд өсөлттэй байх магадлал хамгийн өндөр байна. Зах зээлийн өсөлт, бууралтын аль ч мөчлөгийн үед хөрөнгө оруулагч нарын гол итгэл найдвар болсон алтны хувьд таатай нөхцөл байдал өнөө бүрдээд буй. Зөвхөн хөрөнгө оруулалтын баталгаатай эх үүсвэр төдий бус өндөр технологийн гол түүхий эд болж, энэхүү хэрэгцээ ч жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Алт бүх цаг үеийн түүхэн дээд ханшаа шинэчилж байна. Дэлхийн алтны зөвлөл зах зээлийн энэхүү үйл явдалд ихээхэн сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Тэд ахиад ч алтны үнэ өснө гэсэн хүлээлттэй байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.