Монголбанк 2025 онд ямар мөнгөний бодлого хэрэгжүүлэх вэ...
2024.10.01
190
Монголбанк 2025 онд ямар мөнгөний бодлого хэрэгжүүлэх вэ...

-Эдийн засгийн өсөлтийг хадгалж, инфляцыг тогтворжуулах хүсэл-

Цар тахал, цаг үеийн олон сорилт дундуур урагшилсан улсын эдийн засаг сэргэж, инфляцын дарамт холдож байна. Эдийн засгийн өсөлт 5-6 хувиар хэмжигдэж, энэхүү өсөлтийн буухиа ирэх онд ч үргэлжлэх хүлээлт өндөр байна. 2023 оны эдийн засгийн эрч энэ онд суларсангүй. Инфляц буурч, улсын хэмжээнд 6.5 хувь болж, сүүлийн таван сарын турш тогтвортой хадгалагдлаа. Даамжирсан эдийн засгийн хүндрэлийг манай улс хэр чадлаараа богино хугацаанд даван туулж, ДНБ өсөлттэй залгалаа.

БНХАУ-ын нүүрсний худалдан авалт өсөж, манай улсын нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдлээ. Дотоод эдийн засгийн идэвхжил сэргэж, энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 5.6 хувиар өсөв.

Мөнгөний бодлого өндөр инфляцын дарамтаас эдийн засгаа чөлөөлж, хамгааллаа. Төгрөгийн өмнө хүлээсэн үүргээ төв банк биелүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэн, өгөөжийг ханшийн эрсдэлд унагасангүй. Инфляцыг онилсон мөнгөний бодлого иргэдийн бодит орлого, хөрөнгийг үнэгүйдлээс сэргийлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн хугацаанд том зургаараа дэмжлээ.

Улсын гадаад валютын албан нөөц 5 тэрбум ам.доллар давж, төгрөгийн ханш тогтвортой байлаа. Төгрөгийн хадгаламж нэмэгдэж, америк долларын эрэл суралд улсаараа гарсангүй. Ийм мөнгө, санхүү, эдийн засгийн нааштай орчин бүрдсэн цаг үед ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг УИХ хэлэлцэх өдрүүд хаяанд ирлээ. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хуулиар заагдсан хугацааны дагуу 2025 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслөө УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Ирэх жилийн мөнгөний бодлого эдийн засгийн өсөлтийг хадгалж, инфляцыг тогтворжуулахад чиглэж байна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг төв банк чухалчлан дэмжиж, ДНБ-ий өсөлтийг огцом хөөрөгдөх бус дунд хугацаанд тууштай хадгалахаар мөнгөний бодлогоо зурагласан байна. Энэ нь Монголбанк төгрөг хэвлэх эсвэл төсвийн шинжтэй үйл ажиллагаа идэвхийлэн явуулахгүй гэсэн утга санаа илэрхийлэх аж.

Иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг одоогийн түвшнээс алгуур бууруулах, улмаар 2027 он гэхэд 5 хувьд "тогтворжуулах" төсөөлөл дор мөнгөний бодлогоо зангидсан байна. Тогтвортой, бага инфляц нь иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засагт тодорхой бус байдлыг бууруулж, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бүрдүүлэх суурь нөхцөл болдог. 

Бодлогын хүүгээ төв банк аажмаар бууруулж, одоо 10 хувьд авчраад байгаа. Эргэн сануулахад, дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, экспортын гол түүхий эдийн үнэ буурч, гадаад орчны төлөв муудсан, төсвийн зардал огцом тэлж байх 2022 онд инфляц 15 хувь руу тэмүүлж, бодлогын хүүгээ Монголбанк 13 хувь болгон даруй чангалж байлаа. Мөнгөний хатуу бодлогоор дээрх эрсдэлийг сөрж, үр дүнд нь өнөөдрийн инфляц тодорхойлогдсон. 

Мөнгөний бодлого дангаар эдийн засгийн өнгө төрх, ирээдүйн төлөвийг шийдэхгүй. Төсвийн бодлогын хамтаар эдийн засгийн орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Засгийн газрын хувьд 14 мега төсөл бүхий задгай төсвийг 35.8 их наядын зардалтайгаар УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Өргөн барьсан төсвийн төсөл батлагдаж, мөчлөг дагасан төсвийн хэт тэлсэн бодлого хэрэгжүүлж, томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлж чадахгүй тохиолдолд төлбөрийн тэнцэл, инфляцад дарамт /эдийн засагт/ учруулах эрсдэлтэй. Ийм нөхцөлд мөнгөний бодлогын хүлээгдэж буй үр нөлөө буурах төдийгүй инфляц, эдийн засгийн зураглал бүтэн өөрчлөгдөх сөрөг үр дагавартай. 

Манай улсын эдийн засгийн "эрүүл мэнд" ямар байна вэ...

Уул уурхай, тээврийн салбарын өсөлт өндөр, төрийн байгууллагын хэрэглээ тэлсэн, хөдөө аж ахуйгаас бусад салбарын өсөлт нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг энэ оны эхний хагаст голлон тэтгэсэн. Нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх төсөөллөөс нэмэгдэж, төсвийн зардал тэлсэн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдахаар байна. Гэхдээ геополитикийн нөхцөл байдалтай холбоотой суурь эрсдэлүүд хэвээр байгааг огтоос мартаж болохгүй. Геополитикийн эрсдэл, тодорхой бус байдал, ногоон шилжилттэй холбоотойгоор алт, зэсийн үнэ өндөр түвшинд "үлдэх" бол нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах хандлагатай байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор  бодлогын хүүгээ энэ оны есдүгээр сарын 13-нд 1 нэгж хувиар бууруулсан. Төв банк бодлогын хүүгээ тодорхой түвшинд алгуур зөөллөх /бууруулах/ замаар ирэх он жилүүдэд эдийн засгийн сэргэлтийг хадгалах, улмаар тогтвортой өсөлтийг дэмжиж, инфляцыг 5 хувь руу чиглүүлэхэд мөнгөний бодлогоо хандуулж байна.

Банкны салбарын хүрээнд гэвэл тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж амлажээ. Үүний сайн үр дагавар гэвэл зээлийн эх үүсвэр нэмэгдэх, зээлийн хүү буурах, банкны салбарын үйлчилгээ, хүртээмж улам сайжрах, зах зээл илүү либераль болох орон зай үүсэх юм.

Ирэх жилийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл төслөөс төрийн хууль болон хэрэгжих хүртэлх их сунгаан эхэлж байна. Шинэ парламентын ээлжит бүтээл 2025 оны мөнгөний бодлого болж, улсын эдийн засгийг тодорхойлох эрх мэдэл тэдний гарт ирлээ. Төрийн мөнгөний бодлого нь иргэд хуримтлалаа хадгалах уу, эсвэл аваад хэрэглэх үү, сард авдаг цалин амьдралд цаашид хүрэлцэх үү гээд олон асуултад хариулт өгдөг. Тийм болохоор мөнгөний бодлого амь амьжиргаанд хамаатай нэн чухал сэдэв юм. Зээлийн хүү буурах уу, америк доллар өсөх үү гээд нийгэм, эдийн засгийн олон сэдвийг тодорхойлж байдаг. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.