Хөрөнгийн захын шинэ сэргэлт
Хөрөнгийн захын шинэ сэргэлт
Өөдөө тэмүүлэх хөрөнгийн зах олон тулгуурт санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэхээр байна.

Монголын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудаас 35 нь нийт 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар байна. Хөрөнгө оруулагчдын хувьд ургацаа хураах цаг үе ирлээ. Компанийн тухай хуулийн дагуу санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар тухайн компанийн ТУЗ хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх ёстой. Олон нийтэд ногдол ашиг тараах болсноо зарласан 35-н ногдол ашгийн нийт дүн хагас их наяд руу тэмүүллээ. 

2023 онд компаниуд 303 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан бол энэ жил 480.24 тэрбумыг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор тогтоод байна. Урьд өмнө байгаагүй их хэмжээний ногдол ашиг буюу арвин их ургац хөрөнгө оруулагчдад очих нь ээ. Эргэн сануулахад, компаниудын ногдол ашгийн нийт дүн 2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум байлаа. Цар тахалтай нүүр тулсан 2021 онд 110.5 тэрбум, түүний дараа жил нь 150.8 тэрбум болж нэмэгдсэн байдаг. 

 Олон нийт хөрөнгийн захыг маш ихээр сонирхох болсон, тэр хэрээр зах зээлийн үнэлгээ, байр суурь огцом тэлж байна. 2023 оны жилийн дүнгээр санхүүгийн салбарын нийт хөрөнгө 16.1 их наяд төгрөгт хүрч, 2022 онтой харьцуулахад 45 хувиар өсөж, ДНБ-ий 26.3 хувьтай тэнцсэн билээ. Тэр дундаа хөрөнгийн зах зээлийн идэвхжил өндөр байсан нь өнөө ногдол ашгийн дүн огцом өсөх үүд хаалгыг нээсэн хэрэг. Үүнд эдийн засаг, бизнесийн орчин, компанийн ашигт ажиллагаа гэх мэт олон хүчин зүйл нөлөөлсөн нь дамжиггүй. 

23 

Санхүүгийн зах зээлийн тэлэлт хөрөнгийн захын дүр төрхийг бүхэлд нь өөрчилж, цоо шинэ хувьсал авчирсан. Үүнд төр, засгийн байгууллагын бодлого, шийдвэр, хууль тогтоомжоос гадна Санхүүгийн зохицуулах хороо, мэргэжлийн холбоод ч түүхэн үүргийг гүйцэтгэсэн юм. Уян хатан, шуурхай, оновчтой бодлогын зохицуулалт, түүний шууд үр дүнгээ өгөх алхмууд 2023 оныг хөрөнгийн захын жил болгон хувиргасан гэж хэлж болно. Чөдөр тушаа болох дүрэм журмыг ч халсан, шимтгэл буурсан, олон улсын ололт, сайн туршлагууд нэвтэрсэн нь өнөөдрийн үр дүнг бүтээсэн нь нууц биш юм. 

Хамгийн том эерэг өөрчлөлт өмнөх жилүүдэд тавигдаж, үр шимийг нь хөрөнгө оруулагчид луу жилд хүртэж эхлэх гэж байна. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн жил 11.6 их наяд төгрөгт хүрч, дотоодын санхүүгийн зах зээлд тэсрэлт болсон юм. Банкны системд нөлөө бүхий банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгож, хөрөнгө оруулагчдыг араасаа хуйлруулсан. Эдгээр нь санхүүгийн зах зээл, тэр дундаа хөрөнгийн захад шинэ сэргэлт байлаа. Товчхондоо, 30 гаруй жилийн түүхтэй, хөгжиж буй тодотголтой хөрөнгийн зах шинэ шатанд ингэж гарч ирсэн юм. Агуулгын хувьд том дэвшил гарсныг зах зээлийн оролцогчид цохон тэмдэглэж буй. 

Хувьцааны хөрвөх чадвар өнгөрсөн онд 1.5 хувьд хүрч, нийт 787.2 тэрбум төгрөгийн үнэт цаасыг зах зээлд арилжаалсан байдаг. Үүний 66.7 хувийг хувьцаа, 7.7 хувийг хөрөнгө оруулалтын сан, 17.5 хувийг компанийн бонд, 8.1 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус эзэлсэн байна. ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.3 хувиар өсөж,  7 компани IPO хийж нийт 338.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Компанийн бондын хувьд мөн 7 компани 107.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснээс анхны ногоон бонд 17 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татсан. Эдгээр нь зах зээлийг илэрхийлэх 2023 оны онцлох үзүүлэлтүүд. 

24 

Компаниудын ногдол ашгийн дүн 480.24 тэрбум төгрөг болж өссөн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлээд зогсохгүй ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн хувьцаа, бонд гарахад бодитой дэмжлэг болохоор байна.

Компани бол хүн төрөлхтний хамгийн чухал ололтуудын нэг. Тэр тусмаа олон нийтийн засаглалтай, хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй байна гэдэг хөгжлийнх нь дараагийн түвшин юм. Хөрөнгийн зах өөрчлөлт, шинэчлэл, компаниудын өсөлт, хөгжлийн замнал хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлж байна. Захын бүтээгдэхүүн өргөн сонголттой болж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах хэмжээнд ирлээ. 

Хөрөнгийн зах зээл нь хөгжсөн улсад баялгийн хуваарилалт хамгийн зөв, оновчтой, авлигагүй, хүртээмжтэй байдгийг олон орны бодит жишээ харуулж байгаа. Монгол Улс энэ зүг, сайн жишиг рүү богино хугацаанд хүрэхээр зорьж байна. Өөдөө тэмүүлэх хөрөнгийн зах олон тулгуурт санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэхээр байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.