1072 хувьцаатай иргэдэд дуулгах сайн мэдээ байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 онд 29.8 сая тонн нүүрс борлуулж, 3 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна. Ингэснээр 2023 оны амжилтаа давуулж, өндөр дүнтэй борлуулалтаараа төрийн өмчит компаниудыг дахин тэргүүлэх болзлоо хэдийнэ хангажээ. Борлуулалт, ашгийн үзүүлэлтээрээ "Эрдэнэс Тавантолгой" ХК жил ирэх тусам байр суурь, нөлөөллөө тэлж, Үндэсний баялгийн санг мөнгөжүүлэх гол компанийн нэг гэдгээ дахин дахин батлан харуулж байна.
Энэ компанийн их тэлэлт улсын эдийн засгийн өсөлтийн ойрын баталгаа, төсвийн орлогын найдвар төдийгүй 1072 хувьцаатай иргэдийн хувьд ногдол ашиг хүлээх орлогын эх үүсвэрт тооцогдох болоод удаж буй. "Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 108,7 төгрөг, өнгөрсөн жил 266 төгрөгийн ногдол ашиг цэвэр ашгаасаа хуваарилсан.
Төрийн өмчит аж ахуйн нэгжийн толгой суудалд залрах болсон "Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрсөн онд биржийн арилжааг тогтмол явуулж, 50 удаагийн арилжаагаар 1.57 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 15.3 сая тонн нүүрс борлуулсан байна. 2023 оны биржийн арилжаатай харьцуулахад энэ нь 57 хувиар өссөн үзүүлэлт юм.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлж байсан бол 2024 онд улс, орон нутгийн төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, өмнөх оноос татварын хэмжээ 17.9 хувиар өссөн байна.
Нүүрсний экспорт нь 2024 онд 30.4 сая тоннд хүрч, нэг жилийн хугацаанд хамгийн их нүүрс экспортолсон түүхэн амжилт үзүүлсэн байна. Эдгээр нааштай мэдээлэл нь "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны үнэлгээ өсөх, үнэ цэн нь нэмэгдэх, хөрөнгө оруулагч итгэх, хөрөнгийн зах зээлд гарах таатай нөхцөл, давуу тал авчрах үзүүлэлт мөн. Зах зээл, хөрөнгө оруулагчдыг "уяраах" өсөлт "Эрдэнэс Тавантолгой"-н санхүүгийн тайланд тодорхой байгаа.
1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбар олон жил яригдаж ирсэн. Биржээр арилжаалж эхэлбэл гарах эрсдэл, авчрах өгөөжийн талаар 10 гаруй жил улс дотроо бид маргаж, хөрөнгийн зах зээлээс "Эрдэнэс Тавантолгой"-г хол хөндий байлгасаар буй. Хол хөндий байх тусмаа л "нүүрсний хулгай"-н дараагийн анги энд бичигдэх магадлал өндөр билээ. Дээр дурдсан борлуулалт, төсөвт төвлөрүүлж буй татварын орлого, экспортын дүн нь "Эрдэнэс Тавантолгой" хөрөнгийн зах зээл рүү хөл тавих нэрийн хуудас байгаад зогсохгүй 1072 хувьцааг арилжаа руу хөтлөх түүхэн боломж байж мэдэх юм.