М.Отгон: Хоёр жилийн хугацаанд 336 сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож байна
Өнгөрсөн 8 сарын 22-нд Баяжуулах үйлдвэрийнхэн хүдэр боловсруулалтын 4-р шугамд өргөтгөл хийж, хүчин чадлаа 2 сая тонноор нэмэгдүүллээ. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулалт жилд 40 сая тонны хүчин чадалд хүрч байгаа юм.
Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглаж эхлээд 46 дахь жилдээ ажиллаж байна. 1978 оны 12 сарын 14-ний өдөр эхний ээлжийг залгаж, анхны баяжмалаа гаргаж байх үед хүдэр дэх зэсийн агуулга 0.89 хувийн агуулгатай байсан бол одоо 0.36 хувьтай болж буурсан. Өөрөөр хэлбэл, анхдагч хүдэр дэх металлын агуулга 3 дахин буурсан гэсэн үг. Тиймээс үе шаттайгаар эцсийн бүтээгдэхүүний гарцыг хэвийн хэмжээнд барихын тулд техник технологийн шинэчлэлийг хийж ирлээ. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 6 сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөлийн төслийг 2020 онд эхлүүлж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж бүрэн дуусгаад байна.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 6 сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөлийн төслийн удирдагч, Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН "Жилд 6 сая тонноор хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх энэхүү өргөтгөлийн тоног төхөөрөмж болон барилга байгууламжийн ажлаа дуусгаж, хоёр жилийн хугацаанд ажиллуулж, технологийг бүрэн нутагшуулж, тоног төхөөрөмжийн аюулгүй найдвартай байдлыг хангасны үндсэн дээр өнөөдөр нээж байна. Тодруулбал, хөрөнгө оруулалтаа бүрэн нөхсөн гэж хэлж болно. Энэ төсөл ашиглалтад орсноор, хоёр жилийн хугацаанд 336 сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож байна" гэлээ.