Ухаалаг уурхай: “5G+” төсөл хэрэгжүүлж, жолоочгүй технологийг нэвтрүүлжээ
3 Өдрийн өмнө
181
 Ухаалаг уурхай: “5G+” төсөл хэрэгжүүлж, жолоочгүй технологийг нэвтрүүлжээ
2023 оны эцсийн байдлаар 39 ухаалаг нүүрсний уурхайг ашиглалтад оруулж, ухаалаг нүүрсний уурхай нийт уурхайнуудын 55.7 хувийг эзэлсэн байна.

Уурхайн үйл ажиллагааг автоматжуулах, хүний оролцоог багасгах, алсын зайнаас удирдах үйл явц олборлох салбарт бүтээмжийг асар ихээр нэмэгдүүлж байгаа. Австрали, Канад, АНУ, БНХАУ ухаалаг уул уурхайг хөгжүүлэх чиглэлд манлайлал үзүүлж, инновацийн шийдлээрээ тэргүүлж байна. Дэлхийн уул уурхайн салбарт онцгой байр суурь эзлэх эдгээр орнуудын нэвтрүүлж буй шинэ техник технологи нь гар утаснаасаа газрын гүн дэх уурхайг удирдах боломж олгож буй. Хамгийн ойрын жишээ нь БНХАУ-ын “Чайна энержи” групп юм.

Нүүрсний уурхайг ухаалагжуулах ажлыг тус групп тасралтгүй зохион байгуулж, дэвшилтэт технологийн үр дүнд хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг иж бүрэн хангуулж байна. Ухаалаг уурхай нь ногоон боомт, ухаалаг тээвэртэй холбогдож, удирдлагын төвөөсөө бүгдийг алган дээр мэт тольдон харж, зохион байгуулалт хийж байна. Уурхайн талбарт гарсан бүхий л техникийн маршрут, хэвийн үйл ажиллагаа, түлш шатахууны хэмжээ, хэчнээн тонн хүдэр ачсан, уурхайчны эрүүл мэндийн байдал гээд энэ бүх мэдээллийг нэг дороос авч болж байна. 

"Чайна энержи" групп нь өөрийн эзэмшил Хэйдайгоү ил уурхайг ухаалаг уурхайн загвар болгон хөгжүүлжээ. Тус уурхай нь Хятадын Эрчим хүчний товчооны баталсан ухаалаг уурхай байгуулах үндэсний анхны туршилтын объёктуудын нэг юм. Нүүрс олборлолт, угаах, ачих зэрэг үе шатуудад ухаалаг технологийг эрчимтэй ашиглаж, бүтээмжийн сэргэлт энд бодитоор бий болж байна.

Хэйдайгоү ил уурхай нь уурхайн зураг төсөл боловсруулах 3 хэмжээст программ, ухаалаг тэсэлгээний төсөл боловсруулах систем, ухаалаг хүнд даацын машины хуваарилалтын систем зэрэг олон  төрлийн автоматжуулсан системийг хөгжүүлж байна. Зураг төслөөс эхлэн цооног цоолох, тэсэлгээ хийх, тээвэрлэх, хаягдал чулуулгийг боловсруулах, цахилгаан хангах зэрэг бүх процессуудыг автоматжуулжээ.

Мөн дотоодын уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран, хүнд даацын уурхайн машинуудын жолоочгүй технологи, алсын удирдлагын судалгааг хийж, “5G+” төслийг хэрэгжүүлж, уурхайд жолоочгүй технологийг нэвтрүүлсэн байна. Улмаар 48 ширхэг 5G станцыг ашиглалтад оруулж, ухаалаг системүүдийн сүлжээг нэгтгэжээ. 

Жолоочгүй технологи нь нэгэнт туршигдаад, нийт 62 мянган удаагийн тээвэрлэлт хийж, 6.915 сая куб.метр чулуулгийг тээвэрлэж, 283 мянган км зам туулахын хэрээр үр ашиг нь нэмэгдэх болжээ. 2023 оны байдлаар тус ил уурхай нь дунд шатны ухаалаг уурхай байгуулах туршилтыг амжилттай давж, 2024 оны тавдугаар сард “Дижитал Хятад”-ын VII үзэсгэлэнд салбартаа жолоочгүй тээвэрлэлтийн алсын удирдлагыг дотоодод туршилтаар танилцуулсан байна.

467474511_1771814130234548_1204337106668384280_n Хэйдайгү уурхай нь Хятадын хамгийн том нүүрсний ил уурхай бөгөөд жилд 34 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. “Чайна энержи” группын харьяа дэлхийн хамгийн том далд уурхай болох Шэньдун Далютагийн нүүрсний уурхай нь жилд 33 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Тус нүүрсний уурхайд дэлхийд анхны 8.8 метрийн өндөртэй томоохон хэмжээний олборлолтын ухаалаг тоног төхөөрөмжийг ашигласан байна.

Мөн Баоришилэ нүүрсний уурхайд дэлхийн анхны хэт хүйтэн нөхцөлд ажиллах ил уурхайн 5G+ жолоочгүй системийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ингэж ухаалагжуулснаар “Чайна энержи” групп нүүрсний уурхайнуудынхаа олборлолтын үр ашгийн түвшинг хоёр дахин, ажилтнуудын бүтээмжийн түвшинг 3.5 дахин, улсын дунджаас 5 дахин тус тус өсгөжээ.

2023 оны эцсийн байдлаар 39 ухаалаг нүүрсний уурхайг ашиглалтад оруулж, ухаалаг нүүрсний уурхай нийт уурхайнуудын 55.7 хувийг эзэлсэн байна. 193 ухаалаг нүүрс олборлолтын цэг, 265 ухаалаг өрөмдлөгийн цэг, 45 ухаалаг нүүрс ялгах үйлдвэр ашиглалтад оруулж, ухаалаг бүтээн байгуулалт болон технологийг “Чайна энержи” эзэмшиж, ухаалаг уурхайг цогцлоож байна.

cajna_enerzi_1 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.