Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Чинзоригтой “Эрдэс боловсруулалт-2024” Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд ярилцлаа. Хоёр жил тутам зохион байгуулагдаж ирсэн тус арга хэмжээ 7 дахь удаагаа 10 дугаар сарын 25-ны өдөр Новотел зочид буудлын Хурлын танхимд болох юм.
-Тун удахгүй болох гэж байгаа “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын хурлаас ярилцлагаа эхлүүлье. Гаднын зочид нэлээд ирж байгаа гэсэн. Аль орноос хүндтэй зочид ирж өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлж, харилцан туршлага солилцох вэ?
-Уул уурхайн салбар өндөр хөгжсөн, боловсруулалт, баяжуулалтын чиглэлд арвин туршлага хуримтлуулсан, энэ хэрээр зах зээлийн чигийг тодорхойлж, өрсөлдөөнд илүүрхэж байгаа орнуудын судлаач, мэргэжилтнүүд судалгааны бүтээлээ хэлэлцүүлэхээр байгаа. Тухайлбал, АНУ, Канад, Австрали, мөн өмнөд хөрш БНХАУ-аас оролцохоор урьдчилан илэрхийлсэн байна. Эндээс харахад хурлын агуулга нэлээд өргөн цар хүрээг хамарч, олон улсын шинж чанараа бүрэн хадгалсан, оролцооны түвшинг илүү чанаржуулан ахиулахаар байгаа.
Экспортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага нэмэгдэж, зах зээлийн босго улам өндөрсөж буй өнөө цаг үед бусадтай мэдлэг, мэдээлэл солилцох, шинэ техник технологийн ололт, шийдлийг аж ахуйн нэгжүүд танилцуулах, шинэ туршилт, судалгааны ажлуудын үр дүнг сонсох, сайн туршлагаа хоорондоо нээлттэй хуваалцана гэдэг маш чухал үйл явдал. Тиймээс хүлээлт өндөр байна.
-Олборлолтоос боловсруулалт руу төр засгийн бодлого чиглэж байна. “Эрдэс боловсруулалт” олон улсын хурал энэхүү бодлогыг хэрхэн дэмжих вэ?
-Цаг үе, зах зээл, хөгжлийн шаардлага гэж харж байгаа. Бид хэрэглэгчдэд суурилсан зах зээлд нийцүүлж хамт хөгжихөөс өөр арга зам байхгүй. Баяжуулалтын үйл явц нь цэвэр хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд суурилсан байдаг. Экспортын зах зээл, худалдан авагчийн хүсэл сонирхлоос энэ бүхэн шууд хамаарч байгаа. Ямар чанарын нүүрс манайхаас авах уу, тухайн борлуулах нүүрсний үзүүлэлт ямар түвшинд байх уу. Эдгээрт олон улсын хэрэглэгчийн стандарт тавигдсан. Тэр стандарт руу тэмүүлэх, түүнд нийцүүлэх, илүү өрсөлдөх чадвартай, үнэ цэнэтэй байлгахаас ирэх үр өгөөж шалтгаална.
Нэмж хэлэхэд, манай Ашигт малтмалын тухай хуульд тухайн ашигт малтмалыг иж бүрэн ашиглана гэсэн заалт бий. Үүнийг бүрэн хэрэгжүүлэх үүднээс бид гарцаа байхгүй баяжуулах шаардлага гарч ирж байгаа юм. Түүнээс лоозонгийн шинжтэй чанартай, эсвэл зүгээр хоосон уриалга дэвшүүлээд энэ бүхэн гарч ирээд байгаа гэж хувьдаа бодохгүй байна. Зах зээл хамгийн гол зохицуулагч. Бүтээгдэхүүний боловсруулалт, баяжуулалтын талаар шинэ тутам судалгааг манай "Эрдэс боловсруулалт" хурал хэлэлцүүлж, энэ салбар дахь техник технологийн дэвшил, өөрчлөлт, ололтыг танилцуулж ирсэн.
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр энэ онд ашиглалтад орж, туршилт тохируулга нь эхэлсэн байна. Тухайн бүтээгдэхүүнийг баяжуулж боловсруулснаар ямар давуу талууд үүсэх вэ?
-Цэвэр баяжуулалтын бүтээгдэхүүн экспортод гаргана гэхээс илүүтэй бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх асуудал энд мөн яригддаг. Хэрэвзээ шинэ зах зээлүүд бий болоод, дараагийн шатанд бэлтгэгдэж байгаа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ үүсээд эхлэх юм бол боловсруулалт руу бид илүү гүн шилжинэ. Өөрөөр хэлбэл, нүүрсний үзүүлэлтийг өсгөх, илчлэгийг нэмэгдүүлэх боломжууд байгаа. Үүний дараа нүүрс химийн чиглэлээр түлхүү боловсруулалт хийж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хагас кокс, кокс, дагаж гарах бусад давирхай болон хийн асуудал хамт яригдана гэсэн үг.
Олон төрлийн гарч ирж байгаа дайвар бүтээгдэхүүнийг хэрхэн шийдвэрлэх үү, эдийн засгийн эргэлтэд яаж оруулах гээд төр болон үйлдвэрийн түвшинд менежмент хийх шаардлагатай болно. Тэгэхээр энэ чиглэлийн үйлдвэр баригдана гэдэг сайхан байна. Үйлдвэр ашиглалтад орно гэдэг хэрэглэгчийн бүтээгдэхүүний нэр төрлийг дээшлүүлэх, чанарыг сайжруулах, үүнийг дагаад бүтээгдэхүүний үнэ цэн нэмэгдэх, экспортоос орж ирэх орлогын хэмжээ өсөх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах олон талын цогц ойлголт. Үүнийг бид олон талаас нь харах хэрэгтэй.
Зөвхөн нэг талаас нь хараад шүүмжлэх эсвэл хэтэрхий дөвийлгөн магтах нь өөрөө зохимжгүй. Үйлдвэр гэдэг магтаалаар болоод ямар нэгэн байдлаар үгүйсгэсэн үйл ажиллагааны үндсэн дээр явдаг зүйл биш. Үйлдвэр гэдэг цэвэр тухайн бүтээгдэхүүний бараа эргэлтийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгодог, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлдэг, орлого, зарлагыг удирдах боломжийг олгодог, аливаа ашигт малтмалын ордыг системтэйгээр зохистой ашиглах энэ боломжийг бүрдүүлж өгдөг томоохон бүтээн байгуулалтын талбар. Энэ агуулгаар баяжуулах үйлдвэр ашиглалтад орох боломж цаашид ч байна. Гэхдээ эрх зүйн орчны зохицуулалтаас болоод зарим үйлдвэр хаалгаа бариад эхэлчихлээ.
-Баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд юу хамгийн их тээг саад, тодорхой бус байдал үүсгэж байна вэ?
-Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрүүд ихэнх нь хаалга барьчихлаа. Одоо нүүрсний баяжуулах үйлдвэрүүд эхнээсээ хаалгаа бариад эхэлж байна. Энэ нь голдуу орд түшиглээгүй үйлдвэрүүдэд ажиглагдаж байгаа. Бодлогын хэмжээнд баяжуулах болон боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ гэдэг. Гэтэл шинээр гарч ирж байгаа хууль эрх зүйн хэрэгжилт үүнийхээ эсрэг үйлчлэх болсон. Тухайн бүтээгдэхүүнийг уурхайн ам нөхцөлөөр худалдана гэдгээс үүдээд дээрх хүндрэлүүд үүсэж байна. Орд түшиглээгүй баяжуулах үйлдвэрүүд үүнд хамгийн их өртөж, анхдагч нүүрсийг борлуулах эрх нь хаагдсан. Хувийн хэвшлийн маш олон үйлдвэр өнөөдөр ажилгүй, үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжсэн. Энэ доголдлыг залруулж байж тодорхой бус байдлыг өөрчилж чадна.
-Аж үйлдвэрийг тогтвортой, тэнцвэртэй хөгжүүлэхийн тулд бид өөр юуг анхаарах шаардлагатай байна вэ?
-Бүтээн байгуулалт нэмэгдэх тусам дэд бүтцийн асуудал үүснэ. Үүний тэргүүнд нь ус, эрчим хүчний хүрэлцээ, хүртээмж яригдана. Томоохон эрдэс баялгийн нөөцүүдийг, тэр дундаа эдийн засгийн эргэлтэд орсон нөөцүүдийг үр дүнтэй ашиглах, нийгэм эдийн засгийн хөгжилд илүү зориулъя гэвэл байгаль орчны асуудал чухлаар тавигдах ёстой. Өнөөдөр усны олон эх сурвалжууд яригдаж байна. Хур тундасны усыг хуримтлуулах, усан сан үүсгэх, мөн гадагш урсгалтай зарим гол мөрний ай саваас тодорхой хэмжээний урсацуудыг бүтээн байгуулалт хийгдэж байгаа талбар, говийн бүс рүү татах төсөл тодорхой хэмжээнд урагшилж байна. Эдгээр арга туршлага нь цоо шинэ зүйл биш, олон улсад байдаг л түгээмэл шийдлүүд. Үүний дараа зам дэд бүтэц, бусад бүтээн байгуулалт орж ирнэ. Бид ус, эрчим хүчний хүртээмж, найдвартай байдал, хангамж руу дорвитой анхаарахгүй бол бусад нь урагшлах боломжгүй.
Хөрөнгө оруулалтын эрсдэлийг үүрэх хувийн хэвшлээ дэмжих нь чухал байна. Үйлдвэржилтийн бодлогыг бодитой болгоход хувийн хэвшлийн үүрэг, оролцоо маш их. Төр орчныг бүрдүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, дээр дурдсан нэн шаардлагатай ус, эрчим хүч тэргүүтэй дэд бүтцийг байгуулах нь өөрөө маш том дэмжлэг.
-Үйлдвэрлэл, технологийн парк 6 байршилд байгуулна гэж "Эрдэнэс Монгол" төлөвлөж, энэ дагуу судалгааны тооцооллын ажлууд эхэлсэн байна. Бид ҮТП байгуулахад юуг анхаарч, юуг сайжруулмаар танд санагддаг вэ?
-Хууль шинэчлэгдэн гарсан. Гэхдээ хэрэгжилтийн шатанд алдаа гарсан. Бидний гол зорилго хувийн хэвшлийг дэмжих явдал. Хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах хамгийн том үндсэн зүйл бол хувийн хэвшлийг дэмжих. Төр хувийн хэвшилд бизнес хийх таатай орчныг нь бүрдүүлэх, хүрээ хязгаарыг нь тогтоож, дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэж өгөхөд гол анхаарлаа хандуулмаар байна. Энэ ашиггүй зардал биш. Ирээдүйд, урт хугацаанд үр ашгаа өгөх зардал. Төр үүнийг шийдэх боломжтой гэж харж байгаа. Дэд бүтцээ даадаг төсөл гэж байна, даахгүй төсөл гэж бий. Даах төслүүдийн хувьд асуудал өөрөөр яригдана. Эрдэнэт, Оюу толгой шиг төсөл.
Үйлдвэрлэл, технологийн зургаан паркийн үндсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөх чиглэл рүү оруулахад нь гарч ирэх хувийн хэвшлийн жижиг хөрөнгө оруулалт, тэр дундаа оюуны өмч маш сайн шингэсэн бүтээгдэхүүнүүд хамгийн чухал. Бид алийн болгон түүхий эдийн түшиц газар байх юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Бодлогын хэмжээнд болоод байгаа юм шиг боловч хэрэгжүүлэх түвшинд алдаа гарч байна. Хянах, дэмжих бус хянах, хязгаарлаад байж болохгүй. Өнөөдөр маш олон үйлдвэрүүд татварын давхардал, хил нөхцөл, борлуулалттай холбогдуулан хүнд байдалд орсон. Ер нь бид өөрсдийн онцлогт тохирсон паркийн хөгжлийн загварыг гаргах ирэх ёстой юм билээ.
-Бүтээгдэхүүний өртгийг бууруулах, бодит үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бид юу хийх ёстой вэ?
-Бид байгаль орчны асуудлыг ерөөсөө орхиж болохгүй. Зэсийн хувьд авч үзэхэд агуулга багасаж байна. Агуулга нөхөөд тэр хэмжээний борлуулалтаа хадгалахын тулд уулын ажлаа нэмж байна. Уулын ажил нэмнэ гэдэг дахиад л хөрөнгийн асуудал. Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж. Нэг талдаа бид борлуулалтын орлого л яриад байгаа, гэтэл зардал ерөөсөө ярьдаггүй. Харахад нэрлэсэн өртгөөрөө борлуулалтын орлого өсөөд байгаа юм шиг боловч түүнийгээ дагаад өссөн байгаа зардал улсад өгөх ашгийн хэмжээгээ бууруулчихаж байгаа юм.
Өнөөдөр бид 4 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажлаад, 3.5 тэрбум ам.долларын зардалтай байж болно. Гэтэл бид 8 тэрбум ам.долларын орлоготой ажлаад, 7.9 тэрбумын долларын зарлагатай ажиллах юм бол аль нь бидэнд хэрэгтэй вэ . Харахад хоёр дахин борлуулалттай гэж харна, маш их хэмжээний мөнгө олж байгаа юм шиг мөртлөө дагаж гарч байгаа зардлын нийгэмд үзүүлж буй эдийн засгийн бодит ашгийн хэмжээг хязгаарлачихаж байгаа юм. Үүнийг шийддэг хүмүүс нь инженерийн шийдэл, эдийн засгийн ухааны асуудал, инженер эдийн засагч.
Гарч ирсэн баяжуулсан бүтээгдэхүүнийг шууд олон улсын зах зээлд гаргалаа гэхэд хэрэглэгчийн тавьсан олон улсын стандартыг хангах хэрэгтэй. Тээвэрлэлт, эцсийн бүтээгдэхүүн гэж яриад байгаа түргэн мөнгөнд хөрвөх чадвартай бараа болгох, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх нь зөв. Импортыг орлох. Гэтэл ганцхан төслөөр хараад байдаг. Яагаад парк цогцолбор кластер гэж хараад байгаа гэхээр эдийн засгийн томоохон бүс бөөгнөрөл тэнд бий болгох нь чухал.
-Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны зүгээс "Эрдэс боловсруулалт" олон улсын хурлын цар хүрээ, илтгэлийн агуулгыг тэлж, баяжуулахад хэрхэн анхаарч ирсэн бэ?
-Манай Ашигт малтмал баяжуулагчдын холбоо нь 1998 онд байгуулагдсан. Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш гишүүддээ үйлчлэх, уул уурхайн баяжуулалтын салбарт гарч ирж байгаа асуудлуудад өөрсдийн байр сууриа илэрхийлж, нэгдсэн бодлоготойгоор хандаж, хөгжлийн шийдэл, гарц эрэлхийлж ирсэн.
"Эрдэс боловсруулалт" хурал ч мөн адил энэ агуулга дор зохион байгуулагдаж, Монголын баяжуулагчдыг олон улсын инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллах тэр нөөц боломжийг бүрдүүлэх, мэдлэг, ур чадвартай инженерүүдээрээ дамжуулаад дотоодын баяжуулах үйлдвэрүүдийг дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн загварт нийцсэн шийдлээр үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэхэд хувь нэмрээ оруулах санаачилга ажил хэрэг болж, 7 дахь удаагаа бид олон улсын хурлаа хийхэд бэлэн болоод байна.
Олон улсад хийгдэж байгаа технологийн шинэчлэл, оюуны өмчийн хэрэглээ ямар түвшинд байна, түүнийг нутагшуулах, судалгааны арга зүйг улам боловсронгуй болгох, баяжуулалтын технологийн дэвшлийг судлах, баяжуулах үйлдвэрийн дараагийн шатны хөгжлийг тодорхойлох, дижитал шилжилт баяжуулах салбарт хэрхэн өнгө төрхөө олж байгааг илүү нарийвчлан танилцах, шинэ ололт, шийдэл рүү "Эрдэс боловсруулалт" зорьж байна.