Нийгмийн олон салбарын төлөөлөл болсон 20К клубын гишүүд Монгол Улсын эрчим хүчний тулгуур Багануурын уурхайтай танилцлаа. Тус уурхай нь төвийн эрчим хүчний нүүрсний 52%-ийг хангадаг. “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс дунд хугацаанд Багануурын нөөц баялгийг түшиглэн нүүрс-химийн цогцолбор барихаар төлөвлөж буй.
Дөрвөн улирлын турш зогсох эрхгүй ажиллаж буй Багануурын уурхай нь Улаанбаатар болон төв, зүүн бүсийг эрчим хүч, ус, дулаантай залгуулж ирсэн. 46 жилийн түүхтэй "Багануур" ХК-ийн хувьд эдийн засгийн олон сорилт, бэрхшээлтэй нүүр тулж, төрийн ачааллаас үүрэлцэж өдий хүрсэн.
20К клубын гишүүд уурхайчдын ажил амьдралтай танилцахын зэрэгцээ Багануурын уурхайн орчин нөхцөл, техник технологийн хүндрэл, нүүрсний олборлолт, үйлдвэрлэлийн талаар бодит мэдээлэл авч, гамшгийн үеийн сургалтад хамрагдсан юм. Тус клуб нь нийгмийн сайн сайхны төлөө цөөнгүй төслүүд санаачлан хэрэгжүүлж ирсэн.