Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026: Дархан-Уул аймаг тэргүүлж, Дорноговь, Орхон удаалав
11 Цагийн өмнө
158
Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026: Дархан-Уул аймаг тэргүүлж, Дорноговь, Орхон удаалав
Тус тайлан нь 2012 оноос эхлэн жил бүр боловсруулж, танилцуулж ирсэн судалгааны 15 дахь удаагийн бүтээл юм.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа. Аймгуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгээр үнэлэхэд ерөнхий дүнгээр Дархан-Уул аймаг тэргүүлж, Дорноговь, Орхон аймаг удаалав.

Тус тайлан нь 2012 оноос эхлэн жил бүр боловсруулж, танилцуулж ирсэн судалгааны 15 дахь удаагийн бүтээл юм. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх, тэдгээрийн давуу болон сул тал, өөрчлөлтийг тодорхойлох, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах зорилготой.

2026 оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь 96.2, Орхон 92.3, Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор удааллаа. Харин Булган 34.0, Говь-Алтай 39.4, Завхан 40.6, Төв 42.7, Дундговь 43.9 оноогоор хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна.

Өмнөх буюу 2023 оны үр дүнтэй харьцуулахад Дархан-Уул аймаг гуравдугаар эрэмбээс ахиж, ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн байна. Харин 2023 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Орхон аймаг гуравдугаарт бичигджээ. Дорноговь, Өмнөговь аймгууд эхний дөрвөн байрт эрэмбэлэгдсэн байр сууриа хадгалсан бол Дорнод аймаг зургаадугаар эрэмбээс тавдугаар байрт ахисан байна.

2026 оны аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 61.5 болж, 2023 оны 66.6 онооноос 5.2 оноогоор буурсан байна. Үндсэн дөрвөн бүлгийн дундаж оноог 2023 оны үр дүнтэй харьцуулахад бүгд буурсан үзүүлэлттэй байна.

Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн дундаж оноо хамгийн их буюу 11.4 оноогоор буурсан бол засаглалын үр ашиг бүлгийн дундаж оноо харьцангуй бага буюу 6.9 оноогоор буурсан байна.

Аймаг тус бүрийн өөрчлөлтийг харвал 21 аймгаас таван аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өсөж, 16 аймгийн оноо буурсан байна.

Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн үнэлгээгээр Өмнөговь аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь 96.0, Орхон 92.3 оноогоор удаалжээ.

Энэ бүлэг нь аймгийн эдийн засгийн хэмжээ, эдийн засгийн салбаруудын хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг хэмждэг.

Засаглалын үр ашиг бүлгээр Дорноговь аймаг 100 оноогоор тэргүүлж, Дархан-Уул 98.6, Говьсүмбэр 91.6 оноогоор удаалсан байна.

Энэ бүлгийн үнэлгээ нь аймгийн төсөв, институцийн тогтолцоо, бизнесийн эрх зүй, нийгмийн тогтолцоог хэмждэг. 

Бизнесийн үр ашиг бүлгийн үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Сэлэнгэ 92.4, Дорноговь 91.7 оноогоор удаалжээ.

Бизнесийн үр ашиг бүлэг нь хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, санхүү, менежментийн хэвшлийг үнэлдэг.

Дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, Дархан-Уул 83.2, Дорнод 72.5 оноогоор удаалсан байна.

Энэ бүлэгт үндсэн дэд бүтэц, технологийн дэд бүтэц, боловсрол соёл, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны үзүүлэлтүүд багтдаг.

Дээрх үр дүнгээс харахад нэг аймаг бүх үндсэн бүлгээр тэргүүлэх боломжгүй бөгөөд аймаг бүр өөр өөрийн давуу болон сул талтай байна. Тиймээс орон нутгийн хөгжлийн бодлогыг боловсруулахдаа зөвхөн ерөнхий эрэмбийг бус, үндсэн бүлэг болон дэд бүлгийн үнэлгээг хамтад нь авч үзэх шаардлагатай.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН НЭРЛЭСЭН ГУРВАН НИЙТЛЭГ БЭРХШЭЭЛ

Энэ жил 21 аймгийн бизнес эрхлэгчдээс орон нутгийн хөгжил, өрсөлдөх чадварт тулгарч буй гол асуудлыг нээлттэй асуултаар тодруулав. Хариултад гурван асуудал нийтлэг давтагдсан.

  • Бизнесийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагааны хүндрэл: 15 аймагт хамгийн олон давтагдсан, 21 аймагт бүгдэд нь эхний таван асуудлын нэг.
  • Төрийн удирдлага, засаглалын хүндрэл: 21 аймагт бүгдэд нь эхний гурван асуудлын нэг, 5 аймагт хамгийн олон давтагдсан.
  • Хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, амьжиргааны асуудал: 20 аймагт эхний таван асуудлын нэг.

Гурван асуудал хоорондоо уялдаатай. Төрийн бодлого, үйлчилгээний чанар бизнесийн орчинд нөлөөлж, бизнесийн орчин нь аж ахуйн нэгжийн өсөлт, ажлын байр бий болгох боломжийг тодорхойлно. Хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого нь орон нутгийн зах зээлийн эрэлтийг бүрдүүлдэг. Энэ дүгнэлт бизнес эрхлэгчдийн үнэлгээнд суурилсан тул шалтгаан, үр дагаврын хамаарлыг дангаараа тогтоохгүй.

АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЙЛАНГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь орон нутгийн хөгжлийг зөвхөн нэг үзүүлэлтээр бус, эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтцийн харилцан уялдаатай хүчин зүйлсээр үнэлдгээрээ онцлог юм.

Судалгааны үр дүн нь:

  • Аймгуудын хөгжлийн түвшин, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх;
  • Орон нутгийн давуу болон сул тал, хөгжлийн тулгамдсан асуудлыг тодорхойлох;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг судалгааны мэдээлэлд тулгуурлан боловсруулах;
  • Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах;
  • Аймгуудын хөгжлийн ахиц, өөрчлөлтийг цаг хугацааны явцад харьцуулан судлахад чухал ач холбогдолтой.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.