Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “...Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн тус бүр 1 гишүүн орон тооны, бусад дөрвөн гишүүн нь орон тооны бус байна …” гэж заасны дагуу 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүртгэж эхэллээ. Бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл явуулна.
Нэр дэвших хүсэлтээ Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан маягтын дагуу бөглөн дараах баримт бичгийг хавсарган Эдийн засгийн байнгын хороонд ирүүлнэ үү. Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет;
2.Эрх бүхий байгууллагаас нэр дэвшүүлсэн албан бичиг, шийдвэр;
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
5.Боловсролын зэргийн дипломын хуулбар;
6.Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
7.Энэхүү загварт заасан баримт бичиг;
8.Холбогдох бусад баримт
Бүртгэлийн талаар лавлах утас: 51-261541, шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, 14201, Төрийн ордон, Эдийн засгийн байнгын хороо, 276 тоот, цахим шуудан: shijirmunkh@parliament.mn хаягаар холбогдох боломжтой гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.