"Монгол нүүрс" ассоциацийн Ерөнхийлөгч Б. Бямбадагватай цаг үеийн сэдэв болох Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд ярилцлаа.
-УИХ-д өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга тойрсон олон талын байр суурь, хэлэлцүүлэг салбар бүрт өрнөж байна. Тэр тусмаа уул уурхай, геологи, гидрогеологи, геоэкологийн мэдэгдлүүд гарсан. Танайх мөн мэдэгдэл гаргасан байсан. Усны ашиглалт, төлбөртэй холбоотой зөрүүтэй мэдээлэл их байна. Та бүхний байр суурийг илэрхийлж байгаа вэ?
-Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгыг Монгол нүүрс ассоциаци бүрэн дэмжинэ. Үүнийгээ ч бид мэдэгдэлдээ онцолсон. Одоо өргөн баригдаад байгаа Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувьд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу төслийн үзэл баримтлал тодорхой бус байна. Нийгэм, эдийн засгийн үр нөлөөний судалгаа маш муу хийгдсэн, хориглох, хязгаарлах арга замыг илүүтэй сонгож авсан, уялдаа холбоогүй, хоорондоо зөрчилдсөн, асуудалд хэт нэг талаас хандсан, боловсруулалт дутуу дулимаг байгаа нь харагдлаа.
Ус болон олон талын байр суурийг сонсох, санаа бодлыг уралдуулах, тал талаасаа хэлэлцэх, мэтгэлцэх сэдэв. Өргөн цар хүрээг хамардаг ойлголт. Тал талын дуу хоолой энд бас чухал байдаг. Олон оролцогчтой. Түүнээс нэг салбарын үйл ажиллагааг боомилох, чөдөрлөх, эсвэл зөвхөн нэг салбарт өнгөрсөн хугацааны хариуцлагыг тохоох гэж үзэх нь өрөөсгөл. Ус бол улстөржиж үл болох сэдвийн нэг. Харин шинжлэх ухаанчаар хандах, гарц гаргалгааг мэргэжлийн түвшинд нарийн тодорхойлох байгалийн нөөц шүү дээ. Тийм болохоор явцуу, улс төрийн үзэмжээр хандаж огтоос болохгүй юм.
Одоо байгаа орчин нөхцөлийг мэдээж сайжруулах, цагийн үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, технологийн өөрчлөлт, дэвшлийг тусгах нь чухал. Гэхдээ сайжруулах нэр дор улам ойлгомжгүй, салаа утгатай, давхардсан, хийдэл ихтэй, хүнд суртлыг дэмжсэн, тодорхой бус болгож болохгүй. Энэ бол улс орны эрх ашигт нийцэхгүй. Тийм учраас бид байр сууриа илэрхийлсэн. Төслийн тодорхой заалтууд эргээд улс оронд ямар сөрөг нөлөөтэй болохыг ч дурдсан.
-Төслийн 48.6 гэсэн заалт дээр гол яриа үүсэж байна гэж харсан. Энэ заалт өндийх гэж байгаа аж үйлдвэрийн салбарт хэрхэн нөлөөлөх вэ. Уул уурхайд ус ашиглалт хэдэн хувьтай байгаа вэ?
-Уул уурхайн салбарыг ус ашиглалтынх нь хувиар авч үзвэл 15%-ийг эзэлж байна. Харин усны нөөц ашигласны төлбөрийн 90 орчим хувийг дангаар уул уурхайн салбар бүрдүүлж ирлээ. Жилийн төлбөрийн дүн нь одоо 120 тэрбум төгрөгт хүрч байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт ногдуулж байгаа нь өндөр тарифтай болохыг эдгээр тоонууд харуулж байгаа юм. Гэхдээ уул уурхайн салбар усыг, ялангуяа говийн бүсэд байгаа томоохон үйлдвэрүүд эргэлтийн усаа дахин ашиглах технологиудад суурилсан байна. Учир нь говийн бүс нутагт ус ховор. Тийм ч учраас Монгол Улсын хэмжээнд нүүрсний томоохон баяжуулах үйлдвэр, уул уурхайн боловсруулах үйлдвэрүүд говийн бүсэд баригдаж чадахгүй байгаагийн нэг үндсэн шалтгаан нь энэ юм. Дээрээс нь эрчим хүчний хүрэлцээ, хүртээмж муу байна. Манай төвийн сүлжээ томоохон үйлдвэр уурхайнуудыг хангах боломж дутмаг байна.
Нүүрс л гэхэд 9-10%-ийн чийгшилтэй гардаг бүтээгдэхүүн. Хэдий ашигласан усаа аваад аваад усны дахин ашиглалт 94-өөс дээш хувьд хүрч чадахгүй. Тэгэхээр үлдсэн 6-10 хувийг заавал сэлбэж авч байж үйлдвэр тогтвортой ажиллах тухай яригдана.
Тэгэхээр одоо өргөн барьсан хуулийн 48.6 дээр Газрын доорх цэнгэг ус ашиглахыг шууд хорино гэсэн ийм заалт байгаа. Энэ нь бодит амьдрал дээр яагаад ч хэрэгжих боломжгүй. Тэр 6-10%-ийн усны алдагдлыг нөхөж өгөхгүй бол үйлдвэр ажиллах бололцоогүй. Ингэх юм бол говийн бүсэд байгаа Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой гээд эдийн засагт нөлөөтэй томоохон уурхайнууд усны дутагдалд жил болгон 10%-аар идэгдсээр байгаад тодорхой хугацааны дараа усгүйн шалтгаанаас ашиглах бололцоогүй болно. Говийн бүсэд гадаргын ус маш бага, хур тунадас бараг орохгүй байна шүү дээ. Тиймээс энэ бол амьдралд нийцэхгүй зүйл заалтаар зохицуулалт хийх гэж байгаа хуулийн төсөл болжээ гэж хэлмээр байна.
Ер нь Монгол Улс говийн бүс нутгаа хөгжүүлэх, улс орны эдийн засгаа сайжруулах үйлдвэр технологийн паркуудаа барих том бодлогууд хэрэгжүүлээд явж байгаа. Хэрвээ ийм хууль батлаад, ийм зүйл заалтаар хоригловол үйлдвэрлэл, эдийн засаг хөгжихгүй. Эргээд одоо явж байгаа том үйлдвэрүүд маань зогсох хүртэлх хэмжээнд тулна. Тиймээс Монгол Улсын эдийн засаг ирээдүйд уул уурхайдаа түшиглэх юм уу, бусад салбараа хөгжүүлэх үү гэдгийг төрийн бодлогын түвшинд ярих шаардлага үүснэ.
Үнэхээр хориглох бол үйлдвэр технологийн паркууд байгуулахаа больё гэдгээ зарлах хэрэгтэй. Усны асуудлаас болоод манай улс үйлдвэрлэл хөгжүүлэхгүй гээд зарлавал хуулийн ийм заалт хэрэгжих л байх.
-Цогтцэций, Эрдэнэт зэрэг уул уурхайн бүс нутагт компаниуд үйлдвэрлэлийн хэрэгцээнээс гадна орон нутгийн иргэдийн усан хангамжид чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр зөвхөн говийн бүс гэлтгүй уул уурхай, үйлдвэрлэл хөгжсөн бүс нутгийн усны нөөц, хангамжийн асуудал давхар хөндөгдөхөд хүрэх гээд байна, тийм үү?
-Яг үнэн. Одоо Эрдэнэт үйлдвэрийн онцлог бол тийм шүү дээ. 100-аад километрийн цаанаас ус татаад үйлдвэрээ тодорхой хэмжээнд хангахаас гадна хотыг усаар хангадаг. Хэдий энэ гадаргын ус ч гэсэн ашиглалт талдаа ийм хоёр талтай байгаа. Мэдээж уурхай болгон л сумын төвөө усжуулах, орон нутгийн хөгжлийн санд нь хандив өгөөд байгаа нь говийн бүс нутагт усны хайгуул хийх гэсэн агуулга, тэр үүргийг уурхайнууд ихэвчлэн хүлээгээд явж байдаг.
Ер нь Монгол Улс уул уурхайн үйлдвэрлэлээ эрчимжүүлж, экспортын гарцаа нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа бол “Хэрлэн-Тооно”, “Орхон-Онги” зэрэг төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гадагш урсгалтай голуудын усны тодорхой хэсгийг говийн бүс рүү шилжүүлж, төрөөс үйлдвэрлэлийн ус, эрчим хүчний хангамжийг шийдвэрлэсний дараа аж ахуйн нэгжүүдээс ашигтай ажиллах, татвар, төлбөр, АМНАТ-өө төлөхийг шаардах нь зөв гэж би үзэж байна.
Ингэж байж бизнесийн орчныг сайжруулж, уул уурхай төдийгүй боловсруулах болон хүнд үйлдвэрийг дэмжсэн төрийн бодлого бодитой хэрэгжинэ. Гэтэл шаардлагатай дэд бүтцийг бий болгоогүй атлаа ганц эх үүсвэр болж байгаа гүний усны нөөцийг ашиглахыг хориглох зохицуулалт хийх гэж оролдож байгаа нь төрийн урт хугацааны хөгжлийн бодлогоо, ирээдүй хойч үеийнхээ амьдралын эх үүсвэрийг хангах асуудлыг бодолцохгүй байгааг харуулж байна.
Мэдээж эмзэг, усны нөөц бага, тэрийгээ хайрлаж гамнах нь зөв. Үүн дээр ямар ч уул уурхайн компани, уурхайчид бол бодож явж ирсэн. Тиймээс уул уурхайн компаниуд усны хэрэглээгээ аль болох бууруулж, хэмнэлттэй технологид шилжүүлж байгаа ч гүний ус ашиглахыг бүрэн хориглох нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой ялгаагүй, амьдралд хэрэгжих боломжгүй зохицуулалт юм. Иймд уг заалтыг эргэн харж, усны ашиглалтыг оновчтой зохицуулахын зэрэгцээ улсын хэмжээнд усны нөөц, ашиглалтын судалгааг сайжруулах шаардлагатай.
-Тэгвэл та бүхний хувьд ямар шийдэл байна вэ. Одоо яах вэ?
-Миний хувьд усны салбарын хууль тогтоомжид гол асуудал байна гэж харахгүй байгаа. Сүүлийн таван жилд ус ашигласны төлбөрөөс төсөвт төвлөрүүлсэн орлого 20–50 тэрбум төгрөгөөс өсөж, 80 орчим тэрбумд хүрсэн бол 2025 онд 120 орчим тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Энэ нь төрийн байгууллагууд хяналтаа сайжруулж, усны ашиглалтыг бодитоор тооцон, холбогдох татвар, төлбөрийг ногдуулж, үйл ажиллагаагаа эрчимжүүлсний үр дүн гэж би харж байна.
Харин одоо усны салбарын төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөц, орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн салбараас төвлөрүүлсэн орлогыг эргээд усны нөөцийн геологи, гидрогеологийн судалгаанд зарцуулж, 300 гаруй сум, суурин газрын усан хангамжийг сайжруулахад үр дүнтэй ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, энэ салбарын нөөц боломжийг бүрэн ашиглах, үйл ажиллагааг ухаалгаар удирдан зохион байгуулах төрийн бодлого, хэрэгжилт л дутагдаж байна гэж үзэж байгаа юм. Ийм ажлуудаа хийж, салбарынхаа тогтолцоог сайжруулаагүй атлаа хамгийн түрүүнд уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хязгаарлах, төлбөрийг нь нэмэгдүүлэх, хориг тавих асуудал ярьдаг нь уг асуудалд хандаж буй бодлогын хувьд буруу.
Бидэнд хориг, хязгаарлалт тогтоосон хууль гэхээсээ илүү усны салбарын тогтолцоог боловсронгуй болгож, зөв зохион байгуулалттай, тогтвортой хөгжүүлэх төрийн оновчтой бодлого хэрэгтэй.
-Хуулийн төсөлд санал авсан үйл явц хэр давтамжтай, нээлттэй, олон талын байр суурийг хангаж чадсан бэ. Ер нь яаж өрнөсөн юм бэ. Тэр үед 48.6 гэсэн заалт байгаагүй юм уу?
-Төсөлд санал авах үед 48.6 дахь буюу газрын доорх ус ашиглахыг хориглосон заалт байгаагүй. Гэнэт гаргаад ирсэн. Харин бусад зохицуулалт нь байсан. Тухайлбал, ил уурхайгаас гарч буй шүүрлийн ус, баяжуулах үйлдвэрээс гарч буй ус зэрэг уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх усыг хаягдал ус гэж үзэх агуулга туссан. Энэ нь өөрөө өрөөсгөл зохицуулалт юм.
Уурхайн олборлолтын явцад газрын янз бүрийн давхаргаас шүүрлийн ус гардаг. Олон зуун жил тухайн давхаргад байсан усыг олборлолтын явцад шавхан гаргаснаар шууд бохирдсон гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл ийм усыг хаягдал гэж ангилан, холбогдох татвар, төлбөр ногдуулах зохицуулалт орж ирж байна. Мэргэжлийн үүднээс авч үзвэл эдгээрийг ялгаж, нарийвчлан зохицуулах шаардлагатай.
Мөн хуулийн төслийн 48.8-д уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, хүчингүй болсон, цуцлагдсан аль ч тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас заасан байршилд усан сан байгуулах, эсвэл газрын доорх усны нөөцийг зориудаар арвижуулах, дүйцүүлэн хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хүлээхээр тусгасан байна.
Гэтэл ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан ч олборлолт огт явуулаагүй байхад зөвшөөрөл нь цуцлагдвал яах вэ? Тухайн компани мөн адил усан сан байгуулах, усны нөөцийг нөхөн сэргээх үүрэг хүлээх үү? Ийм нөхцөл бүрийг тодорхой заагаагүй нь зохицуулалтыг өрөөсгөл болгож байна.
Уул уурхайн салбарын онцлогийг ч харгалзах шаардлагатай. Олон мянган га талбайд хайгуул хийлээ гэхэд түүний 9%-д ч хүрэхгүй хэсэгт орд тогтоох боломж бүрдэж, цаашлаад ердөө 2–3 хувь нь эдийн засгийн эргэлтэд орох нөхцөл үүсдэг. Гэтэл энэ онцлогийг тооцолгүйгээр бүх тусгай зөвшөөрөл эзэмшигчид ижил үүрэг ногдуулах нь зохимжтой биш.
Тиймээс эдгээр заалтыг олон талын оролцоотой, бодитой хэлэлцүүлгээр нягталж, үндэслэл бүхий судалгаанд суурилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагын дагуу нийгэм, эдийн засгийн үр нөлөөний тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулах ёстой.
Тухайлбал, газрын доорх ус ашиглахыг хориглосноор говийн томоохон уурхайнуудын үйл ажиллагаа хэрхэн доголдох, тэр нь улсын эдийн засаг, экспорт, төсвийн орлогод, орон нутагт ямар сөрөг нөлөө үзүүлэхийг урьдчилан тооцох шаардлагатай. Гэтэл ийм судалгаа, тооцоолол хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн бүрдүүлбэр, эдийн засгийн үр нөлөөний үнэлгээ дутуу байна гэж би үзэж байгаа юм.
-Монгол Улсын хэмжээнд ус ашиглалтын байдлыг авч үзэхэд, хөдөө аж ахуйн салбар хамгийн өндөр нь байсан. Уул уурхай дараа нь эрэмбэлэгдэж байсан. Гэтэл ус ашигласны төлбөрийн 90 хувийг уул уурхай бүрдүүлж байгаа нь асар их зөрүү юм биш үү?
-Уул уурхайн салбар нийт усны хэрэглээний 26 хүртэлх хувийг эзэлдэг атлаа ус ашигласны нийт төлбөрийн 90 хувийг бүрдүүлж байна. Тэгвэл ус хамгийн их хэрэглэдэг газар тариалан, хөдөө аж ахуйн салбар ямар хэмжээний төлбөр төлөх ёстой вэ гэдгийг ч бас бодолцох хэрэгтэй.
Монгол Улс уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татахыг зорьж байгаа бол өрсөлдөх чадвараа сулруулах шийдвэр гаргаж болохгүй. Манай улс олон улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 100 гаруй орноос 90-100 дугаар байрт эрэмбэлэгдэх хэмжээнд байна. Уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулалт хангалтгүй, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан, орон нутгийн эсэргүүцэл, олон төрлийн татвар, төлбөр зэрэг хүндрэл, хүнд суртал тулгарсаар байгаа.
Ийм нөхцөлд ус ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалт нь хөрөнгө оруулалтын орчинд нэмэлт дарамт учруулж, өрсөлдөх чадварыг улам сулруулах эрсдэлтэй. Тиймээс уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт шууд сөргөөр нөлөөлөх ийм шийдвэр гаргахгүй байхыг л би хэлж байгаа юм.
-Улсаас усны хангамжийг нэмэгдүүлэх хайгуул судалгааны ажил хийж байна уу, та бүхэн үүнд анхаарал тавьж үзсэн үү?
-Усны гидрогиологи буюу 1:200,000-ны масштабын зураглалын ажлыг Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд төрөөс хийж гүйцэтгээд явдаг. Энэ ажлын явц бол өнөөдрийн байдлаар 17.8%-тай л байгаа. Тэгээд усны төлбөр, усны хураамж, бохирдлын төлбөр гээд устай холбоотой олон төрлийн татвар, хураамжийг төр авдаг. Эндээс олсон орлогоороо ядаж энэ гидрогеологийн суурь судалгааныхаа ажлыг хийх үүрэгтэй байдаг. Гэсэн хэдий ч сүүлийн хоёр жилийн хугацаанд төсөв дээр усны гидрогеологи, геологийн чиглэлийн судалгааны төсөв огт батлагдаагүй байна. Улсын төсөвт усны төлбөр, татвараас жилдээ 50-80 гаруй төгрөг бүрдүүлсэн байна.
Сүүлд нэмэгдсээр 120 шахам тэрбум төгрөг төвлөрүүлэх хэмжээнд очсон байх жишээтэй. Ингээд ус ашигласны, бохирдуулсын төлбөрүүд ямар ч байсан төсөвт ороод байгаа боловч төр гидрогеологи, усныхаа чиглэлээр улс, орон нутгийн хэмжээний судалгааг хийхгүй байгаа гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Мэдээж 21 аймаг, 300 гаруй сум суурин газруудын хүн амыг усаар л хангах ёстой шүү дээ. Усны нөөцийг бүрдүүлээд, шинэ худаг ус гаргах ажилд төр мөнгө зарцуулаад байна уу гэвэл бас учир дутагдалтай байгаа. 2025 оны байдлаар Усны нөөцийн зөвлөлийн хурлаар орсон нийт 427 тайлан байгаагийн 245 нь газрын доорх усны ордын нөөц хэлбэрээр бүртгүүлсэн байна буюу үйлдвэрлэлийн усан хангамжийн чиглэлээр ихэвчлэн нөөцүүд бүртгэгдсэн байх юм. Ингээд харвал үндсэндээ хувийн хэвшил буюу геологи, уул уурхайн төслүүд маань гидрогеологийн чиглэлийн хайгуулын ажлыг нуруун дээрээ үүрээд явж байна. Тэд үйлдвэрлэлийн усан хангамжийн эх үүсвэрийг, усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажил хийсэн байх нь.
-Ярилцсанд баярлалаа.