ТОМИЛОЛТ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “BOEING 787 DREAMLINER” агаарын хөлгийн үйлдвэртэй танилцжээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид АНУ-ын Өмнөд Каролина мужийн Хойд Чарлстон хот дахь “Boeing” компанийн үйлдвэрт зочилж, “787 Dreamliner” агаарын хөлгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.
“Boeing” компани Хойд Чарлстон дахь үйлдвэртээ “787 Dreamliner” агаарын хөлгийн үндсэн хэсгүүдийг үйлдвэрлэн угсардаг бөгөөд тус үйлдвэрт агаарын хөлгийн бүх шатны угсралт, мэдээллийн системийн эцсийн шатны туршилтуудыг хийж, агаарын хөлгийг захиалагчдад хүлээлгэн өгдөг юм байна.
Хойд Чарлстон хот дахь “Boeing”-ийн энэ үйлдвэрт сард 8 хөлөг үйлдвэрлэдэг бөгөөд ирэх сараас 10 хөлөг үйлдвэрлэх горимд шилжихээр бэлтгэл ханган ажиллаж байгааг албаныхан хэлж байлаа.
Мөн агаарын хөлгийн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хоёр дахь байраа барьж байгааг танилцууллаа. Хоёр дахь үйлдвэрлэлийн байр ашиглалтад орсноор сард 12 хөлөг үйлдвэрлэх дараагийн шатанд хүрэх боломж бүрдэнэ гэдгийг “Boeing”-ийн төлөөлөгчид хэлж байна.
Тус инженерчлэлийн багийнхан агаарын хөлгийн үйлдвэрлэлдээ олон шинэ технологийн шийдлийг нэвтрүүлж, инноваци технологи, судалгаа шинжилгээг улам боловсронгуй болгон хөгжүүлэх чиглэлд 600 гаруй мэргэжилтэн ажилладаг аж.
Үйлдвэрийн технологийн шийдэлд нийлмэл материал ашигладаг болсноор агаарын хөлгийн жинг бууруулж, түлшний зарцуулалтыг багасгахад дэмжлэг болдог төдийгүй энэ хийц нь зорчигчийн бүхээгийн чийгшлийг нэмэгдүүлж, агаарын даралтыг бууруулах, зорчигчийн тав тухыг хангах зэрэг олон давуу талтай болохыг танилцууллаа.
"Boeing” компанийн тус үйлдвэрийнхэн одоогоор 1311 онгоц үйлдвэрлэж, 6.1 сая нислэг үйлдэж байгаа ажээ. Зорчигчийн хүлээлт 92 хувьтай үнэлэгдэж байна.