Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар /2024.08.30/ Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэхүү Төсвийн тухай хуулийн өөрчлөлт хамтарсан Засгийн газарт орсон улстөрийн намуудын гэрээнд суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт чиглэсэн томоохон төслүүдийг цогцоор нь шийдэх эхлэлийг тавьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан юм.
Тодотголоор улс орны өмнө тулгарч буй сорилт тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг 1 оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх хурдтай, зоригтой, эрс шийдвэрүүдийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх хөгжлийн нөхцөлүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьсан гэж үзэж байна.
Тухайлбал, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж,
-“Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр,
-Хөшигийн хөндийн туннел,
-Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр,
-Аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл,
-Шинэ Хархорум төсөл,
-Шинэ Зуунмод хот,
-Туулын хурдны зам зэрэг төслүүдийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгалаа.
Мөн гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.
Эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг цаг алдалгүй эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж либералчлах, хувийн хэвшил тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх шилжилтийн үеийн зардлыг төсвийн тодотголын төсөлд тусгасан юм.
Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг ДНБ-ий 30 хувиас хэтрүүлэхгүй байх, төсвийн суурь тэнцэл ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх, Засгийн газрын өрийг нэрлэсэн дүнгээр тооцох зэрэг өөрчлөлтүүдийг хуульчласнаар ирэх 30 жилийн хөгжлийг эхлүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх суурь тавигдаж байна.
Эх сурвалж: Сангийн яам