Хамгийн хямд үнийг “Цемент шохой” ТӨХК тогтоогоод байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор “Цемент шохой” ТӨХК-ийг ТӨБЗГ-аас “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд шилжүүлж, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн бүтцээр зохион байгуулсан. Тэгвэл тус компанийн ТУЗ-ийн анхны хурал 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр болж, цементийн үнийг бууруулах шийдвэр гаргалаа.
Өнөөдрийн байдлаар цементийн зах зээлд дотоодын үйлдвэрлэгчдийн “Монцемент билдинг материалс” ХХК-ийн МОН цемент, “Мак цемент” ХХК-ийн МАК цемент борлуулагдаж байгаа бөгөөд хамгийн хямд үнийг “Цемент шохой” ТӨХК ийнхүү тогтоогоод байна.
Тодруулбал, барилгын салбарт өргөн хэрэглэгддэг 42.5 маркийн нэг тонн задгай цементийн үнэ 297,000 төгрөг болж буурсан бол ууттай цемент 331,100 төгрөг, нэг шуудай цементийг 16,555 (НӨАТ орсон дүн) төгрөг болж тус тус хямдруулжээ.
Барилгын материал, тэр дундаа орон сууцны үнэ өссөн үед гол түүхий эд болох цементийн үнэ буурсан нь тус салбарынхан болон худалдан авагчдын хувьд чухал шийдвэр болж байна. Учир нь хүйтрэхээс урьтаж барилгын салбарынхан цутгалтаа авч, барилгын бүтээцээ хийж дуусгадаг бөгөөд хүйтний улиралд дотор заслаа хийдэг.
Өнөөдрийн байдлаар цементийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн 60 гаруй хувь нь төвлөрдөг Улаанбаатар хотод МАК, МОН-ы цемент барилгын материалын “44 дүгээр зах”, “Цайз” захад нэг тонн нь 420,000-440,000 төгрөг, импортоор орж ирж буй Хятадын цемент 360,000-380,000 төгрөгийн ханштай байна. Харин Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьд дээрх тогтоосон үнэ нь үйлдвэрээс борлуулагдах үнэ бөгөөд Улаанбаатар хотын зах зээлд үндсэн үнэ дээрээ тээврийн зардал орсон дүнгээр 42.5 маркийн задгай цемент 322,000 төгрөг болох бол савтай цементийн үнэ 356,100 төгрөг болж байна. Энэ нь одоогийн зах зээлд тогтсон үнээс хамгийн хямд үнийн санал бөгөөд Улаанбаатар хотын хэрэглэгчид хамгийн доод үнээр Хөтөлийн цементиийг худалдан авах боломжтой боллоо.
Үнэ буурсан талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэлэхдээ “Цементийг үнийг бууруулахын тулд цалин, эрүүл мэнд, нийгмийн хангамжаас бусад зардал, хөрөнгө оруулалтыг боломжит хэмжээгээр нь танасан. Нэг ёсондоо бүсээ чангалсан” хэмээн мэдээлж байна.