“Mongolia Mining” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн Буянт-Ухаа спорт ордонд пүрэв гарагт үргэлжилнэ. Тус арга хэмжээ нь гурван өдрийн турш зохион байгуулагдаж байна. Уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчдийн хувьд тус үзэсгэлэн нь зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагаа эхлүүлэх талбар.
Зогсох эрхгүй уул уурхайн “зүрх” болсон шинэ тоног төхөөрөмж, машин техник, бараа, материал, эд ангийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан зах зээлд танилцуулдаг. 12 дахь удаагийн үзэсгэлэнд нийт 200 гаруй компани оролцож байна. Үүний 60 гаруй хувь нь гаднын компани гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Нийт 16 орны 190 орчим бизнесийн байгууллага шилдэг технологи, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Майнэкс Монголиа ХХК, Ерөнхий ивээн тэтгэгчээр Трансвест Монголиа компани ажиллаж байгаа бол Түнш орноор БНЭУ оролцож байна.