Ж.Тунгалаг: Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд биржийн арилжаа маш чухал үүрэг гүйцэтгэж байна
2024.05.14
717
Ж.Тунгалаг: Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд биржийн арилжаа маш чухал үүрэг гүйцэтгэж байна
МУИС-ийн Бизнесийн сургуулийн маркетинг, худалдааны тэнхимийн багш, доктор, дэд профессор Ж.Тунгалагтай ярилцлаа. 
 
-Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүнээ манай улс анх удаа биржээр арилжаалж эхэллээ. Та биржийн талаар товч тайлбарлаж өгөөч?
 
-Биржийг худалдагч, худалдан авагчдын арилжааны хүсэл сонирхлыг холбон өгдөг нэгэн төрлийн зах гэж хэлж болно. Гэхдээ жирийн нэг зах биш. Хатуу чанга шаардлага бүхий хууль дүрэм журмууд үйлчилдэг, өндөр зохион байгуулалттай институт байгууллага юм. Худалдаа арилжаа нь стандарт гэрээгээр эсвэл багцаар  хийгддэг бөгөөд тэдгээрийн хэмжээг биржийн тухай эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулдаг. Биржийн барааны онцлог нь алс зайд удаан хугацааны туршид тээвэрлэх боломжтой, стандартчилагдсан, гэрээг байгуулах үед загвар үзүүлэн шаардлагагүй, их хэмжээгээр худалдаалдаг, эрэлт нийлүүлэлтийнх нь хэмжээг тооцоход хялбар, нийлүүлэлтийн өсөлт нь тухайн таваарын өсөлтийг нэмэгдүүлдэг, гэмтэж муудсан тохиолдолд яг ижил өөр бараагаар орлуулан солих боломжтой байдаг.
 
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, эрх зүйн орчин нь бүрдсэн. Улмаар Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 14–ний өдрийн хуралдаанаар “Экспортод гаргах нүүрсний  нээлттэй цахим арилжааны журам” баталж, нүүрсийг биржээр худалдаалахаар болсон. Биржээр нүүрс экспортлох нь ямар давуу талуудыг зах зээлд бий болгосон бэ?  
 
-Биржээр нүүрс экспортлох нь уул  уурхайн салбарт том сэргэлт болохоос гадна дэлхийн жишгийг Монголд хөгжүүлэх эхлэл болсон гэж харж, дүгнэж байгаа. Бусад салбарт  эерэг нөлөөтэйгөөс гадна худалдах, худалдан авах ажиллагаа нээлттэй, ил тод байна. Монгол Улсын нүүрсний экспорт өмнөх үеэс өссөн. Монгол Улсын экспортын орлогын үндсэн  том салбар болох уул уурхай, тэр дотроо нүүрсний экспорт голлох жинг өнөө дарж байдаг. Энгийнээр бол бидний гаднаас олдог 10 ам.долларын 8 ам.доллар нь нүүрсний экспортын орлого гэж хэлж болно.
 
Өмнөх оны статистик жишээ болгон хэлэхэд, 2023 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар 64.7 сая тонн байгаагаас биржээр нийт 1.7 тэрбум ам.долларын 11.7 сая тонн нүүрс арилжсан. Үүнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК 8.4 сая тонн, "Тавантолгой" ХК 1.8 сая тонн, "Энержи ресурс" ХХК 1.5 сая тонн, "Хангад эксплорэйшн" ХХК 0.14 сая тонн тус тус арилжсан байна. 
 
-Биржээр нүүрсийг арилжаалдаг болсноос хойш нүүрсний экспорт нэмэгдсэн гэлээ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлавал...?  
 
-Чанарын хувьд нэгэн төрлийн, бие биеэ харилцан орлох чадвартай, тодорхой тогтсон загвар, стандартын дагуу үйлдвэрлэдэг түүхий эд материалыг таваарын бирж дээр худалдаалдаг. Тиймээс Монгол Улс нүүрсний стандартыг шинээр тогтоож олон улсад худалдаанд оруулсан. Монгол Улс 15 сав газрын хүрээнд 300 гаруй нүүрсний ордтой, тогтоогдсон 32.6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, нөөцөөрөө дэлхийд 7 дугаарт бичигддэг. Дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн 5 орчим хувийг хангаж байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 23.6, төсвийн орлогын 24.8, нийт экспортын 93.7, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг уул уурхай, олборлох салбар дангаар бүрдүүлж байгаа. Үүний 50 хувийг нүүрсний салбар дангаараа бүрдүүлж байна.  
 
Монгол Улсын нүүрсний дотоодын хэрэглээ 9.0 сая тонн бол экспорт 2020 онд 29 сая тонн 2021 онд 16 сая тонн, 2022 онд 32 сая тонн, 2023 оны 12 сарын байдлаар 65 тонн болж өссөн. Энэ он гарсаар 25 сая орчим тонн нүүрс экспортолсон гэсэн дүн мэдээтэй байна. Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК гэхэд нийт 63 удаагийн арилжаагаар 1,059 сая ам.долларын үнэлгээ бүхий 8,473.6 мянган тонн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжсан байна. 
 
341188308_1312633816263962_8453437231427621101_n 
-Монгол Улсын нүүрсний экспортод тээвэрлэлтийн асуудал тулгамдсаар ирсэн. Төмөр замын дэд бүтцүүд ашиглалтад орсноор нүүрсний экспортод ямар нөхцөл бүрдэх вэ? 
 
-Төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулснаар Монгол Улсын эдийн засгийг тэлэх, экспортын шинэ гарцуудыг бий болгох, хил нөхцөлөөр бүтээгдэхүүнийг борлуулах, гадаад худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрэх боломжийг бүрдүүлнэ. Нүүрсний компаниуд 2022 оны сүүлээс хилийн үнээр бүтээгдэхүүнээ арилжаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нэг байршилд буюу Замын-Үүд-Эрээн боомтоор төмөр замаар л холбогдож байна. 2024 ондоо багтаад Гашуунсухайт-Ганц мод, Шивээ хүрэн-Сэхэ боомтуудыг төмөр замаар холбохоор БНХАУ-ын талтай тохиролцоод байна. Цаашлаад 2027 он гэхэд Эрээнцав-Хөөт-Бичигт чиглэлийн 653 км “Зүүн босоо коридор”, Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн 1550 км “Баруун босоо коридор”-ыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эдгээр дурдсан төмөр замын дэд бүтцүүд ашиглалтад орсноор Монгол Улс жил бүр 70 сая тонноос багагүй нүүрсийг тогтмол экспортлох нөхцөлийг бүрдүүлэх юм. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.