“Oюу толгой” компани нь 2026 оны Уулын ажлын төлөвлөгөөгөө боловсруулж байна
"Оюу толгой" компани 2025 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа.
Онцлох мэдээлэл
- Энэ оны зөвхөн гуравдугаар улиралд нийт 587 тэрбум төгрөг, 2025 он гарснаас хойш өнөөг хүртэл нийт 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. “Оюу толгой” компани 2010 оноос хойш нийт 13.7 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлөөд байна.
- Энэ улиралд нийт 736 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 553 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг буюу 1.41 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 37.4 их наяд төгрөг зарцуулсан байна.
- Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд энэ улиралд 2.2 их наяд, 2010 оноос хойш 53.3 их наяд төгрөг зарцууллаа.
- Нэг тонн хүдэр боловсруулахдаа нөхөн сэлбэлтээр дунджаар 0.44 м3 буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна.
Үйлдвэрлэлийн тайлан мэдээлэл:
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.16 байснаар бид гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлтийг 200,000 хүн/цаг тутамд 0.23-аас доош түвшинд барих зорилтоо биелүүллээ.
- Нийт ажилтнуудын 97.5 хувь нь монголчууд бөгөөд 24.1 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна.
- 2025 онд зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд өсөлт нь энэ оны хоёрдугаар хагаст эрчимжсэн хэвээр байна.
- Гүний уурхайн Хоёрдугаар анхдагч бутлуур болон баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн хүрээнд хийсэн Тавдугаар бөмбөлөгт тээрмийн барилгын ажил амжилттай дуусч, Улсын комисст хүлээлгэн өглөө. Эдгээр байгууламж нь уурхайн үйл ажиллагааны чухал хэсгүүд бөгөөд Хоёрдугаар анхдагч бутлуур нь гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх сүүлийн гол дэд бүтэц юм.
- 9 дүгээр сард 41 багийн нийт 958 хүн ажилласан баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт зогсолт буюу их засварын ажил хийгдсэн ч гуравдугаар улиралд зэсийн үйлдвэрлэлийн дээд амжилт тогтоолоо. Тодруулбал, нэхүү засварыг 10 дугаар сард хийхээр төлөвлөж байсан ч үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд орсон өөрчлөлттэй холбоотой 9 дүгээр сард хийсэн юм.
- Гүний уурхайн Панел 2 хойд хэсгийн анхны хүдэр олборлох юүлүүрийг 8 дугаар сард буюу төлөвлөгөөт хугацаанаас 9 сараар өмнө амжилттай тэсэллээ.
- Энэ оны 11 дүгээр сард “Oюу толгой” компани нь 2026 оны Уулын ажлын төлөвлөгөөгөө холбогдох байгууллагад илгээх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар “Онтрэ” компанийн эзэмшилд буй тусгай лицензийг шилжүүлэх хугацаа тодорхойгүй хэвээр байгаа тул энэхүү төлөвлөгөөнд хамтарсан лицензийн талбайг багтаалгүйгээр боловсруулж байна.
- Хэрэв лиценз тухайн хугацаанд шилжихгүй бол Oюу толгойн 2026 оны Уулын ажлын төлөвлөгөөнд Панель 1 багтахгүй болно. Түүнчлэн Панель 2-ын Өмнөд хэсгийг Панель 1-ээс урьтаж олборлох нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн Техник эдийн засгийн үндэслэл-23 (ТЭЗҮ23)-д тусгагдсан малталт, нэвтрэлт, олборлолтын дараалалтай зөрчилдөх тул лицензүүд хожим шилжсэн тохиолдолд уурхайн олборлолтын дарааллыг дахин төлөвлөж, шинэчлэх шаардлагатай. Ингэснээр шинэ ТЭЗҮ боловсруулах хэрэгцээ үүсэж болзошгүй байна.
Эх сурвалж: "Оюу толгой" компани