Монгол Улс баяжмал экспортлогчоос металлургийн төв болон хөгжих үүд хаалгыг нээх цаг
Улс төрийн бужигнаанд бүдгэрч үл болох Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр
"Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төслийг хөдөлгөнө өө" гэж Засгийн газрын тэргүүн зуу хоног дотроо мэдэгдсэн. Урагшлах боломжтой төслүүдийн эхэнд уг төсөл эрэмбэлэгдэж байгаа. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг төсөл. Төслийн дэд бүтцийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх үйлдвэр, технологийн паркийн хүрээнд шийдвэрлэж, үйлдвэрийн барилгын ажлыг одоо эхлүүлэх л үлдээд байгаа юм. Уг нь "нохойн дуу" ойртсон.
"Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан учраас олон улсын нээлттэй тендерийг удахгүй зарлана" гэж есдүгээр сард болсон “Уул уурхайн 7 хоног”-ийн үеэр салбар хариуцсан сайд нь мэдэгдсэн. "Уул уурхайн 7 хоног"-ийн онцлох мессеж энэ байсан. Төслүүд нь гацаатай, хөрөнгө оруулагчид нэвтэрч чаддаггүй, уул уурхайг улдан эсэргүүцэх улстөрчид нь олширсон, "захиалга"-аар ажилладаг иргэний нийгэм, тэмцэгчид нь "эх оронч" дүрд тоглосон цаг үед засаг төр хүлээлт үүсгэсэн, олон жил дуншсан төслөө явуулна гэдэг улсаа боддог хүнд "огших" мэдээ. Гэвч үүнээс хойш засаг төрийн “хувь заяа” МАН-ын Цагаан байрнаас хальж Төрийн ордонд орж ирсэн. Улмаар улс төрийн их бужигнаан дунд улсын ажил саатаж, эрх баригчдын хувьд түгшүүртэй өдрүүд өнгөрөв. Юун зэс хайлуулах үйлдвэр. Өөрсдийнх нь сандал ширээний асуудал хөндөгдөж, үндсэн ажлаа тэд мартах шахуу улс төр халав.
Харин одоо "Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр"-ээ ярих цаг нь болсон. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Уг төсөл олон сайдын нүүр үзсэн. Олон Засгийн газар зэсийн баяжмалаа хайлуулна, боловсруулна гэж гарч ирдэг. Тэднээс амжилт олж, ажил болгосон нь нэгээхэн ч үгүй. Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг эхлүүлж чадах болов уу гэсэн асуулт хариулт нэхнэ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням автор төслөө бүтээн байгуулалт руу хөдөлгөснөөр 30, 40 жилийн ярианд цэг хатгана гэсэн үг.
Эрх баригч нам дотроо эв зүйгээ олж чадахгүй бол зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр цаасан дээр л үлдэнэ. Тэдний эрх мэдлийн төлөөх тэмцэл, толхилцоон сунжирсаар байвал мега байтугай гега төслүүд ч хөдөлж чадахгүй. Тендерт оролцох хүсэлтэй гүйцэтгэгч талууд ч нөхцөл байдлыг ажиглан хүлээзнэ. Төслөө хөдөлгөж чадвал бүтээн байгуулалтын ажилд нь хоёр жилийн хугацаа шаардах юм билээ. Дотооддоо зэсээ хайлуулдаг, эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж бидэнд уг нь ойрхон байна. Ойр буй боломжийг үргээх нэг том шалтаг шалтгаан нь улс төр болж хувираад байгаа юм. Улс төрийн тогтворгүй байдал улсаараа төлөвлөх, урагшлах, төслүүдээ хэрэгжүүлэх замыг хааж, хөгжлийг гацааж, хөрөнгө оруулагчдыг үргээж, хувийн хэвшлийг туйлдуулж ирсэн.
Монгол Улс нийт 46 зэсийн ордын батлагдсан 50 сая орчим тонн нөөцтэй. Энэхүү үзүүлэлтээр дэлхийд 7-р байрт ордог. Гэвч зэс боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас баяжмал хэлбэрээр жил бүр ойролцоогоор 1.5 сая тонныг экспортолж байна.

Манай улсад зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн үндсэн түүхий эд нь байна. Хүний нөөц нь байна. Оюу толгойн далд уурхай ашиглалтад орсноор жилд экспортлох зэсийн баяжмалын хэмжээ үлэмж нэмэгдэж эхэлсэн. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. Эдийн засгийн агуулга нь үлэмж их. Баяжмал үйлдвэрлэгч орны хувьд хайлуулах үйлдвэр бол стратеги. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн байршил өнгөрсөн хугацаанд өчнөөн солигдон өөрчлөгдөж, эцэст нь Орхон аймаг дээр тогтсон. Эрдэнэтийн үйлдвэр, технологийн паркт Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн суурь дэд бүтэц нь бүрдэж эхэлж байна. Төмөр зам нь тавигдсан. Авто замын ажил нь талдаа орсон. Газар нь 220 га-д олгогдсон.
Үйлдвэрт тулгарах хоёр том сорилт бий. Үүний нэг нь эрчим хүчний хүрэлцээ. Баяжуулах үйлдвэрээ найдвартай эрчим хүчээр хангаж чадах эсэх нь өнөөгийн суурилагдсан хүчин чадлаар эргэлзээтэй байгаа. Хоёр дахь нь, үйлдвэрлэлээс үүсэх байгаль орчны нөлөөлөл. Эдгээрийг давж чадвал Зэс хайлуулах үйлдвэр амилна. Үйлдвэртэй болсноор Монголын зэсийн салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Тэр тусмаа "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд томоохон давуу талууд бий болж зардал буурна. Тус салбарт шинэ ажлын байр бий болно.
Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг дагаад аж үйлдвэрийн кластер бүрдэж, бусад үйлдвэрүүд хөгжинө. Уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт бүрэн шилжилт хийж эхэлнэ. Эдгээр үр дүнг авч үзвэл, Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр засаг төрийн амин чухал ажилд тооцогдоно. Энэ Засгийн газрын туг нь Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр болно. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулснаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үйлдвэрлэх 560 мянган тонн зэсийн баяжмалыг боловсруулж, 124 мянган тонн катодын зэс, 72 кг алт, 38.2 тонн мөнгөн гулдмай болон 182 мянган тонн элементийн хүхэр үйлдвэрлэж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалттай, улс болон орон нутгийн төсөвт 24 сая ам.долларын татварын орлого бүрдүүлэхээр байгаа юм. Энэ бол "Эрдэнэт ҮТП"-ийн зэс боловсруулах цогцолборын урьдчилсан хүлээгдэж буй төсөөлөл.
Дэлхий даяар зэсийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй. Цэвэр эрчим хүчний шилжилт зэсийн ирээдүйг улам гэрэлтүүлэх болсон. "Манай улс зэсийн орд, уурхайгаа түшиглэн үйлдвэрүүд байгуулагдсанаар дотоодод нэмүү өртөг бий болгохын зэрэгцээ автомашин, электроник, цэнэг хураагуур үйлдвэрлэлийн салбаруудтай холбогдох зэс ялтас, туйван, хоолой зэрэг дунд түвшний боловсруулах үйлдвэрлэлийн кластер хөгжих суурь тавигдана" гэж Монголын Чухал ашигт малтмалын ассоциацийн УЗ-ийн дарга М.Дагва онцолсон. Монгол Улс баяжмал экспортлогчоос металлургийн төв болон хөгжих үүд хаалгыг нээх цаг болжээ. Үүний эхний алхам нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр гэдгийг Ашигт малтмалын баяжуулалтын инженер, уул уурхайн эдийн засагч Д.Цолмонтуяа тодотгов. Эдийн засгийн хувьд баяжмал экспортлох нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй харьцуулахад 6-7 дахин бага орлого авчирдаг аж. Тиймээс хайлуулах, боловсруулах хэрэгцээ, шаардлага үүсэж байгаа юм.