...Улаанбаатарт урьдын адил намар болж, өвөлжилтийн бэлтгэл, тариа хураалт, хадлан тэжээлээ базаах ажил хот хөдөөгүй олныг хөдөлгөнө. Үүний хажуугаар улс төрийн хүрээнд "халуун өдрүүд" үргэлжилж, цахим орчин үүний талбар болж хувирна. Ийм цагаар төрт улсаа төлөөлсөн Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Токио хотноо газардсан юм.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн найман жилийн дараа Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад айлчилж байгаа нь энэ. Өнгөрсөн хугацаанд хоёр орны түвшинд яригдаж ирсэн дуусдаггүй олон яриаг энэ айлчлал эцэслэх учиртай байлаа. Ерөнхий сайдаар томилогдоод гуравдагч хөрш рүү хийж буй анхны айлчлал гэдгээрээ бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын анхаарлыг ихээр татна.
Айлчлалын үеийн гол яриа хэлэлцээг Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэтай хийж, эрэмбэлэх үр дүнгийн цуваа буухиалан үргэлжилсэн юм.
Токио хот намрын хэмнэлд хөтлөгдөж, Монголоос ирсэн бидэнд хамгийн таатай санагдана. Халуун ч биш, хүйтэн ч биш. Бороо орох нь ёс мэт өдөр болгон давтагдана. Гэхдээ гэнэт асгаж биш зөөлөн шивэрнэ. Энэ байдал нь хүний сэтгэлд хүртэл тав тухыг мэдрүүлнэ. Урин чийглэг цаг агаартай, урьд өмнө ирж байгаагүй Токио. Монголоос ирсэн сэтгүүлчдийн багийг хариуцсан Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан Б.Болортуяа цаг агаарын хамгийн тааламжтай үед та бүхэн ирж таарлаа хэмээн биднийг угтсан юм. Ерөнхий сайдын айлчлалын өнгө аяс ч ийм уур амьсгал дунд үргэлжлэв.
Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын сайд нараас гадна УИХ-ын хэд хэдэн гишүүн багтсан байлаа. Олон намын төлөөлөл. Айлчлалын хөтөлбөр уулзалтаас уулзалт руу хөтөлнө. Энэ дагуу Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Морид бараалхаж, хоёр орны харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар нэлээд удаан санал солилцсон юм. Төр төмбөгөр, ёс ёмбогор болохоор аливаа айлчлалд энэ дэг соёл бичигдээгүй үйлчилнэ.
Ерөнхий сайдын уулзалтын баг бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Батбаатар, Б.Баярбаатар, Ж.Галбадрах, Ж.Баярмаа, Ч.Ундрам нар багтсан байлаа.
Ж.Галбадрах гишүүний хувьд Монгол-Японы Парламентийн бүлгийг ахалдаг. Япон, Монголын харилцаанд гүүр болж ирсэн хүмүүсийн нэг. Түүний хувьд 1995 оны намар Японд багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахаар анх хөл тавьж байжээ. Тэр үед одоо шиг шууд нислэг гэж байсангүй, Бээжингээр дамжиж Токио хүрдэг байсан бол одоо Улаанбаатараас тав хүрэхгүй цаг нисээд зорьсон газраа ирж байна. Манай улсын парламентын эмэгтэй гишүүд үндэсний хувцсаа өнгө дагуулан өмсөж ирцгээсэн байлаа. Аливаа айлчлалд жижиг бөгөөд санаандгүй зүйл гэж байдаггүй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг хүндэт харуулын хамтаар Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ хүлээж авч, айлчлалын үр дүнг энэхүү уулзалт тодорхойлох учраас хоёр тал урьдчилан ихэд анхаарч бэлджээ. Хоёр орны Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, найрсаг, дулаан уур амьсгалд дунд үргэлжилсэн гэдгийг Элчин сайд Б.Баярсайхан онцолсон юм. Айлчлал протоколын дагуу явах нь Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны нуруун дээр буудаг ажил. Хоёр талын хичээл зүтгэл.
Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг зөвхөн өнөөдрөөр хэмжих нь өрөөсгөл юм. Учир нь, аливаа айлчлалын үр дүнд дунд болон урт хугацаагаар хэмжигддэг, тэгж байж илүү тод харагддаг. Энэ жишгээр Ерөнхий сайдын айлчлал богц дүүрэн байлаа.
1.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн төслийг Ерөнхий сайд Н.Учрал айлчлалаараа хэрэгжүүлэхээр болж чадлаа. Төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг хөгжлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр хоёр тал тохиролцож, гэрээнд Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагаажны байгууллагын /ЖАЙКА/ Ерөнхийлөгч Танака Акихико нар 2026 оны есдүгээр сарын 29-нд гарын үсэг зурлаа. Ингэснээр “Чингис хаан” олон улсын нисэх буудал жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болох юм.
Хөгжлийн санхүүжилтийн нөхцөлийг дуулгая. Яриа хэлэлцээ хэр амжилттай болсныг эдгээр тоонууд батлах биз ээ.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн төслийг ЖАЙКА-ын “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” /STEP/-ийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Нөхцөл нь 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй. Энэ нь Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөгжлийн санхүүжилт. Хөгжлийн санхүүжилтийг зээл гэж ойлгох нь явцуу. Жилийн 1.1 хувийн тогтмол хүү гэдэг амар олдох боломж, нөхцөл биш. Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг идэвхтэй дэмждэг Японы илэрхийлэл, хэлцлийн ширээнд талууд олон удаа суусны хэрэг энд бүтэх аж.
Сангийн сайд З.Мэндсайхан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар ажил төрөл нь бүтээд, их л баяртай явж харагдсан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мөн л тэднээс дутахгүй мишээл тодруулан яриа нь өгсөн шатахууны агуулах савны асуудлаа шийдвэрлээд авсных байлаа. Японы "Powerr asia" хөтөлбөрийн хүрээнд 3 сарын нөөцийн сав шийдсэн нь айлчлалын үр дүнг улам өргөв.
Сүүлийн жилүүдэд нисэх буудлын зорчигч тээврийн урсгал анх тооцоолсон хүчин чадлаас давж, цаашид тогтмол өсөх хандлагатай байгаа тул хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх шаардлага бий болсон. Дээрх төслийн хүрээнд зорчигч терминал болон ачаа терминалын барилга, холбогдох дэд бүтцийн байгууламж, дулааны станц, авто зогсоол, инженерийн байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажил бүтээн байгуулалт руу шилжлээ.
Өсөн нэмэгдэж буй зорчигч, ачаа тээврийн эрэлтийг хангахын зэрэгцээ олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг төслийн өргөтгөл дэмжээд зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлт, идэвхжилд оруулах хувь нэмэр, ач холбогдол нь өндөр юм.
Эргэн сануулахад, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын төслийг анх Япон Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж, 2021 онд ашиглалтад оруулж байсан. Энэ төсөл хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэж хоёр улс үздэг.
2.
Ерөнхий сайдын хувиар анхны гадаад айлчлал гуравдагч хөршөөс эхэлсэн нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг улам тодотголоо. Токио хотын төв дундуур Монгол, Японы төрийн талбай намирч, хоёр улсын дипломат харилцааг бодит хамтын ажиллагаагаар баталгаажуулсан түүхэн айлчлал гэдгийг учир мэдэх улс хэлж, ярьж байна. Хөгжлөөрөө даяаршсан Япон улс өөрийн өвөрмөц ёс заншил, уламжлал, соёлыг бэхжүүлэн авч үлдсэн онцлогтой. Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад хийсэн айлчлалынхаа сүүлийн өдөр Токио хотод ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа Элчин сайдын яамныхаа байранд хүлээн авч уулзсан юм.
Намхан таазтай, тохитой танхимд Ерөнхий сайдыг ороод ирмэгц цугласан улс алга ташин угтав. Манай Элчин сайдын яамны хамгийн том танхим "Халуун элгэн нутаг" шиг... Хоймор залсан Морин хуур, Чингис хааны алтадсан хүрээ жаазтай хөрөг, Монгол эмээл, хүүхдүүдэд зориулсан гэмээр монгол гэрийн бэсрэг хувилбар, хана дагуу өлгөсөн Алтай Таван богд тэргүүтэй үзэсгэлэнт газруудын фото зураг гээд нүд, сэтгэл баясах орчныг энд бүрдүүлжээ...
Гадаадад суугаа монголчуудад Элчин сайдын яам гэр орон, аав ээж, эх орон нь юм. Тийм болохоор элгэмсэг санагддаг биз ээ. Ерөнхий сайдын энэ уулзалтанд олон монголчууд ирж, улс орныхоо талаар асууж, хоёр улсын харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэчлэлийг чих тавин сонсож байлаа. Тэр тусмаа Япон Улсад хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үр дүнд илүүтэй анхаарал тавьж, зарим нь дотроо бодсон асуулттай ирсэн байв.
Ирэх жил Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Ойг хоёр улс өргөн хүрээнд тэмдэглэхээр ярьж байна. Японы тал 55 жилийн ойг бүхий л түвшиндээ ач холбогдол өгч, эртнээс ойг төлөвлөх, бэлтгэх ажлыг энэ удаагийн айлчлалтай хамт эхлүүлж байгаа нь харагдлаа.
Өнөөдөр Япон оронд Монголоос 21 мянга гаруй иргэн байнгын суурьшин ажиллаж, амьдарч байна. Үүний 5000 орчим нь хүүхдүүд. Оюутны тоо 4000 давжээ. Ерөнхий сайдын айлчлалаар Япон улстай олон жил ярьсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг энэ онд багтаан эхлүүлэхээр болсон юм. Энэхүү үр дүн нь Монгол, Японы хүн төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаанд жин дарах алхам гэдгийг хоёр тал цохон тэмдэглэж байна.
Монголоос Японд суралцах оюутан залуусын тоог жилээс жилд нэмэх хүсэл сонирхол манай талаас их тавьдаг. Тэгвэл Ерөнхий сайдын айлчлалаар мэдлэг, ур чадварын "импорт"-ыг нээв. Тодруулбал, Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол /MJEED/ буюу “1000 инженер” төслийг дараагийн үе шатыг хэрэгжүүлэхээр боллоо.
УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах “Энэ айлчлалаас хамгийн их баяртай хүлээж авсан зүйл бол M-JEED буюу “1000 инженер” хөтөлбөрийн дараагийн үе шатыг үргэлжлүүлэхээр болсон явдал. Монгол Улс уул уурхайн орон болсон. Газрын баялгаа олборлож, боловсруулж, нэмүү өртөг шингээн хөгжихөд үндэсний инженерүүд маш чухал үүрэг, оролцоотой. Уул уурхай гэхээр зөвхөн уул уурхайн инженерийг хэлэхгүй. Цахилгаан, мэдээллийн технологи, хими, барилга, дэд бүтэц гээд бүх салбарын инженер энд хэрэгтэй. Энэ чиглэлд манай үндэсний инженерүүдийн тоо хангалтгүй. Японы тал өмнөх төслийн хүрээнд энэ салбарт хөрөнгө оруулж, эхний үе шат амжилттай хэрэгжсэн. Хөтөлбөр хэд хэдэн түвшинд хүний нөөц бэлтгэсэн” хэмээн дүгнэсэн юм.
Ярилцлагыг бүрэн эхээр: https://mining.mn/content/3091
3.
Япон орныг хүрээлсэн далай тэнгис тэдний хувьд гаднын түрэмгийллийг авчрах айдас хүйдэс бус хөгжил дэвшил, өрнийн соёл, мэдлэгийг авчрах дэлхийд гарах гүүр болон хувирсан цаг үе бол 1860-аад он байдаг. Энэ цаг мөчөөс худалдааг чөлөөлөх, илүү нээлттэй болгох, тэгш бус гэрээг шинэчлэх, бусад улс орнуудтай байгуулсан гааль, экспортын татварын хувь хэмжээг эргэн харах, худалдааны маргааныг шийдвэрлэх яриа хэлэлцээг эрчимжүүлсэн түүхтэй.
Монгол Улсын хувьд Япон Улстай 2016 онд Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг байгуулсан. Ерөнхий сайд Н.Учралын айлчлалын үеэр хоёр тал уг хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар ихэд нухацтай хандаж байна лээ. Түүний дотор Монголоос Япон руу экспортлох бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон уулзалт яриа төр, хувийн хэвшлийн түвшинд олон удаа болсон нь нэгийг хэлнэ. Тэд хамтдаа урагшлах, харилцан ашигтай байх, Монголын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарал тавиад эхэлжээ.
Ерөнхий сайд Н.Учрал албан ёсны айлчлалынхаа хүрээнд Япон бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэсэн тодорхой мессеж өгсөн.
Айлчлалын дараагийн үр дүн Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулахаар болсон явдал.
ЖЕТРО нь олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.
Айлчлалаар Японы талтай Монгол Улс Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо.
Тэрчлэн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы тал удаа дараа онцолсон бөгөөд тус улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов. Цаашилбал, чухал ашигт малтмалын хамтарсан судалгааг эхлүүлэх, цаашдын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд жин дарах уг сэдэв айлчлалын турш анхаарлын төвд байлаа.
Тоо баримт өгүүлэхэд, Япон Улсын Засгийн газраас 1977-2025 онд Монгол Улсад зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн байна.
4.
Азийн зүүн хэсгээр нутагтай. Угсаа тасраагүй эзэн хаантай, дорно дахины уугуул соёл иргэшлийг бүтээсэн орон бол Япон. Өрнөдийн их гүрнүүдтэй нүүр тулан гэрээ, хэлцэл хамгийн олон удаа байгуулсан. Тэр тусмаа Англи, Америк, Франц, Орос улстай худалдаа наймаа хийх, боомт нээх, газар нутаг болон хилийн маргаан шийдвэрлэх гэж олон зуун жилийн турш хэлэлцээрийн ширээнд хамт суусан Зүүн Азийн гол тоглогч орон бидний "гуравдагч хөрш" юм. Зүүн Азийн эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн автор болсон Япон Азийг араасаа хөгжилд дагуулсан мөс зүсэгч. Гуравдагч хөршөө дөвийлгөх бус түүхэн баримтаас энд эш татав.
Оросууд 1778 оноос эхлэн Японтой худалдааны гэрээ байгуулахыг оролдож эхэлсэн бол Япончууд 1858 оны дундуур Америктай худалдааны гэрээ байгуулсан байдаг. Үүний дараа бараг адил агуулгатай гэрээг Орос, Англи, Франц, Голландтай шил даран байгуулсан нь түүхэнд үлджээ. Гаалийн татвар, худалдааны бодлогыг Япон улс дээрх улсуудын шахалт, шаардлага, мөн өөрсдийн дипломат байр сууриа хадгалах, хамгаалах, эн тэнцүү орших, хамтрах олон удаагийн үйлдэл, оролдлогоор засаж залруулж, өөрийн орны эрх ашигт нийцүүлэх гэж алхам тутам эрмэлзсэн байдаг. Эдгээр нь өнөөдрийн Япон орныг бүтээжээ.
Түүхэндээ ч, өнөөдөр ч улс орнуудын харилцааг худалдаа наймаа тодорхойлж, газар нутаг, иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг, бизнесийн түншлэл, нийгмийн хамгаалал яригдана. Энэ бол цаг үргэлж хөндөгдөж ирсэн мөнхийн сэдэв. Энэ жимээр улс орны төр засгийн тэргүүн нар харилцан нэгэндээ айлчилж, түүх давтагдахгүй ч түүхэнд үлдэх яриа, хэлэлцээг өрнүүлдэг. Үүний жишгээр Ерөнхий сайд Н.Учралын айлчлал Токио хотноо үргэлжилсэн юм.
Сонирхуулахад, Токио буюу “Дорнодын нийслэл” хэмээх нэрийг 1868 онд өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл уг нэр хэвээр хадгалагдан үлджээ.
Японы эдийн засаг дэлхийд АНУ, БНХАУ-ын дараа гуравт, экспортын зах зээлээрээ АНУ, БНХАУ, Герман улсуудын дараа дөрөвт жагсдаг. Ашигт малтмалын арвин нөөц бараг үгүй мөртлөө хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан. Импортын түүхий эдэд суурилсан атлаа экспортын чиг баримжаатай эдийн засгийг байгуулсан гэдгээрээ энэ улс онцгой жишээ болдог.
Монгол Улсын хувьд шинэ тутам хөгжиж буй орон. Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөөрөө бид бусдын сонирхлыг ихэд татдаг. Хоёр том гүрний дунд оршдог, ардчиллын замнал нь дэлхийн анхааралд авчирсан. Газар нутгийн хэмжээгээрээ жижиг улсад тооцогдохгүй, төрт улсын түүхээрээ ч олон мянганыг өртөөлөн ирсэн. Монгол, Япон хоёр улс харилцан нэгнээ хүндэтгэн, хүлээн зөвшөөрч, өнө эртний харилцаагаа хадгалан хөгжүүлж, хил залгаа хоёр хөршийнхөө түвшинд ижил зэрэг зиндаагаар Япон Улстай харилцаж явна. Хоёр биедээ хэрэгтэй хүн гэж байдаг. Үүний нэгэн адил хоёр улс нэг нэгэндээ хэрэгтэй, түшигтэй гэдгийг Ерөнхий сайд Н.Учралын Японы айлчлал харуулсан юм.
Ерөнхий сайд Н.Учрал "Бид түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг биш, эх орондоо боловсруулдаг улс болох ёстой. Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүч, ногоон хөгжилд Япон технологи, ноу-хауг нутагшуулах боломж бий. Япон компаниудыг Монгол аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллахыг урьж байна. Манай бизнес эрхлэгчид ч Японы зах зээл рүү зоригтой гарцгаая. Төр таны өмнөөс бизнес хийхгүй. Таны бизнесийг түнштэй нь холбоно. Хөрөнгө оруулалт орж ирэх зам нээнэ. Гадаад зах зээлд гарах гарц нэмэгдүүлнэ. Монгол, Японы олон жилийн найрамдалт харилцааг таны бизнест хүрэх хөрөнгө оруулалт, технологи, шинэ зах зээлийн бодит боломж болно" Японы бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалт дээр тодотгосон.
Чухал ашигт малтмал хоёр улсын төр, засгийн айлчлалаар байнга яригддаг гэдгийг дээр дурдсан. Гэхдээ энэ удаа Токио илүү ихээр сонирхож байгаа нь илэрхий, үүнийгээ ч хувийн хэвшил нь илт хэлж байсан юм.
