Салхитын Зүүн алт-мөнгөний үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нуруулдан уусгах технологи бүхий үйлдвэр байгуулна
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн удирдлага, техникийн баг “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Салхитын Баяжуулах I, II үйлдвэрт ажиллаж, 2026 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, 2027 оны бизнес төлөвлөгөөтэй танилцжээ. Салхитын үндсэн ордын ил уурхайн олборлолт дуусаж, үүсмэл ордын хүдрийг боловсруулж буй энэ үед үйлдвэрлэлийн залгамж чанарыг хангах стратегийн шинэ төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2027 онд Салхитын Зүүн алт-мөнгөний үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нуруулдан уусгах технологи бүхий үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай дараах чиглэлийг өгчээ. Үүнд,
• Салхитын ордыг цогцоор нь, эдийн засгийн үр ашигтай ашиглах;
• Шинэ үйлдвэрийн технологийн шийдэл, санхүүжилт, бүтээн байгуулалтын бэлтгэлийг эрчимжүүлэх;
• Нэгдлийн дотоод нөөц, техник, мэргэжлийн чадавхыг хамтран ашиглах;
• Дараагийн алтны төслүүдийн бэлтгэлийг хангаж, үйлдвэрлэлийн залгамж чанарыг баталгаажуулах.
“Эрдэнэс Алт ресурс” компанийн Салхитын ордын баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлжээ.
Үүний үр дүнд Баяжуулах I үйлдвэрийн бүтээмж 10–15 хувь, Баяжуулах II үйлдвэрийн бүтээмж 20 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Салхитын үүсмэл ордын хүдрээс 700 мянган тонныг ашиглахаар төлөвлөсөн бөгөөд үлдсэн хэсгийг хэрхэн ашиглахаа 2027 оны бизнес төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Тус үүсмэл ордын хүдрийг ирэх оны тавдугаар сараас боловсруулж эхлэхээр төлөвлөжээ.