Ж.Галбадрах: Япон улсад хийсэн Ерөнхий сайдын айлчлал олон жил яригдсан төслүүдийг бодит ажил болгох эхлэлийг тавилаа
2 Цагийн өмнө
99
Ж.Галбадрах: Япон улсад хийсэн Ерөнхий сайдын айлчлал олон жил яригдсан төслүүдийг бодит ажил болгох эхлэлийг тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрахтай ярилцлаа.

 Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Япон улсад найман жилийн дараа, Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших гадаад улсад хийсэн анхны албан ёсны айлчлал, тэр тусмаа гуравдагч хөрш гэдгээрээ ихээхэн онцлог байсан энэхүү айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Галбадрах онцоллоо.

-Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийсэн айлчлал хоёр улсын Засгийн газар болон парламентын хамтын ажиллагаанд ямар нөлөө үзүүлэв? Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн өмнө, Японы Эзэн хаан Монгол Улсад айлчилсны дараа хийсэн гэдгээрээ онцлог давхцал боллоо шүү дээ. 

-Үнэхээр үр дүнтэй, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал боллоо гэж хувьдаа дүгнэж байгаа. Учир нь удаан хугацаанд яригдсан олон асуудлыг нэг талд нь гаргаж, тодорхой хэлэлцээрүүдэд хүрч чадсан.

Миний хувьд парламент дахь Монгол–Японы найрамдлын бүлгийн даргаар, бүлгийн дэд даргаар Л.Лувсанжамц гишүүн ажилладаг. Хоёр улсын парламентын гишүүд хоорондоо сайн харилцаатай, харилцан ойлголцолтой байх нь ийм өндөр түвшний айлчлалын бэлтгэл, үр дүнд чухал үр нөлөө үзүүлдэг болохыг онцолмоор байна.

Японы талд Монгол–Японы найрамдлын бүлгийн дарга Нагашима хэмээх, парламентад 11 удаа сонгогдсон гишүүн ажилладгаас гадна Такэбэ Арата, Нишимүра, Хагюда зэрэг намдаа нөлөө бүхий гишүүд байдаг.

Өнгөрсөн тавдугаар сард Японы парламентын гишүүдийг Монголд хүлээн авсан. Тэр үеэр шинэ нисэх онгоцны буудлын өргөтгөл, M-JEED буюу инженер бэлтгэх төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүлэх зэрэг асуудлыг нэлээд идэвхтэй ярьж, Японы гишүүд нутагтаа очоод Засгийн газар, парламентын гишүүддээ эдгээр төслийг дэмжүүлэх чиглэлээр маш сайн ажилласны илрэл нь энэхүү айлчлалын үр дүнгээр харагдлаа. Бид ч эндээ нөхцөл байдлыг тайлбарлаж, ойлгуулж ажилласан. Тиймээс айлчлалыг маш үр дүнтэй болсон гэж харж байна.

Тухайлбал, 158 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн асуудал шийдэгдсэн. Үүнийг зээл гэхээсээ илүү хөрөнгө оруулалтын санхүүжилт гэж хэлж болно. Жилийн хүү нь 1.1%, эхний 10 жил эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх 40 жилийн хугацаатай зээл. Анхны гэрээ хэлэлцээрт “Чингис хаан” олон улсын нисэх буудлын 150 км радиуст дахин шинэ нисэх буудал барихгүй гэсэн нөхцөл бий. Энэ нь зах зээл болон аюулгүй байдлыг хамгаалах зорилготой, бусад улсад ч байдаг зохицуулалт. Гэтэл манайд Буянт-Ухаа нисэх онгоцны буудал бий шүү дээ. Үүнийг дотоодын нислэгт ашиглах саналыг тавьсан бөгөөд энэ чиглэлд хэлэлцээрийн эхлэл амжилттай тавигдсан. Цаашид хэлэлцээ үргэлжилж, хэрэгжинэ гэж найдаж байна.

Мөн худалдааны чиглэлд ахицтай хэлэлцээрүүд хийгдсэн гэж харж байна.

 -Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага JETRO Монголд төлөөлөгчийн газраа нээхээр болсон. Энэ шийдвэрийн ач холбогдлыг та тодруулж ярихгүй юу?

-Монгол, Япон хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бий. Гэвч худалдааны тэнцвэр ихээхэн алдагдсан. Мөнгөн дүнгээр нь яривал Японоос Монголд орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн 99.2 хувийг, Монголоос Япон руу гаргаж буй экспорт 0.8 хувийг эзэлж байна. Энэхүү тэнцвэргүй байдлыг засахад JETRO Монголд орж ирэх нь маш чухал ач холбогдолтой. Ерөнхий сайд Н.Учралын хувьд энэ чиглэлд маш амжилттай хэлэлцээр хийсэн гэж харж байгаа.

-Хоёр улсын парламент, найрамдлын бүлгүүдийн түвшинд цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? 2027 онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэ айлчлалын үр дүнтэй уялдуулан ямар ажил хийх вэ?

-Монгол, Японы харилцаа “Хүн төвтэй, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн. Олон үе шаттай хөгжиж ирсэн дипломат харилцааны маань нэг онцлог нь хүн төвтэй буюу хүмүүс хоорондын харилцаанд тулгуурласан явдал.

Ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хоёр орны парламентын найрамдлын бүлгийн гишүүд уулзаж, тодорхой ажлууд ярьсан.

Бид 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр Японд айлчлах төлөвлөгөөтэй байгаа. Жил бүр харилцан нэг удаа айлчлал хийх зарчмаар ажиллахаар тохирсон. Японы тал тавдугаар сард ирсэн учраас бид энэ оны сүүлээр очихоор төлөвлөж байна. Тэр үеэр 55 жилийн ойг угтсан хүн төвтэй харилцаа, мөн Ерөнхий сайдын айлчлалаар ярьсан гэрээ, хэлэлцээрүүдийг бодит ажил болгох асуудлаар уулзаж ярилцана.

Японы Эзэн хаан, хатны хамт Монгол Улсад айлчилсан нь маш сайхан, түүхэн айлчлал болсон. Япончууд ч энэ айлчлалд сэтгэл өндөр байдаг. Япончууд Эзэн хаанаа маш их хүндэтгэдэг ард түмэн. Эзэн хааны айлчлал хоёр орны хүн төвтэй харилцааг улам ойртуулсан гэж үздэг. Үүний үргэлжлэл болж өнөөдрийн гэрээ, хэлэлцээрүүд ч амжилттай урагшилж байна.

Ерөнхий сайд Н.Учрал Японд айлчилж байх үед Япон–Монголын эв найрамдлын нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзсан. Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Т.Шимизү тэргүүтэй олон бизнес эрхлэгч, нэр хүндтэй хүмүүс оролцож, ирэх жилийн ойн ажлуудын талаар нэлээд тодорхой ярьж байсан.

Монголд ч Японтой харилцааг дэмждэг байгууллагууд бий. Жишээлбэл, Элчин сайд асан Р.Жигжид, Д.Содном гуай нарын оролцдог түншийн холбоод ажилладаг. Парламентын найрамдлын бүлгийг ахалснаас хойш Монголд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, Японы хөрөнгө оруулалттай компаниудын төлөөллийг хоёр удаа хүлээн авч уулзсан.

Мөн Монголд жил бүр наймдугаар сард зохион байгуулагддаг Япон фестивальд бид ихээхэн ач холбогдол өгч ирсэн. Ирэх 55 жилийн ойд ч бид ажил хэрэгч байдлаар оролцоно.

-“1000 инженер” хөтөлбөрийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхээр болсон. Боловсрол, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүд олон жил хэрэгжиж ирсэн. “1000 инженер” төслийн дараагийн шатанд ямар өөрчлөлт орох вэ? Хоёр улсын оюун мэдлэг, ур чадварын солилцоо, цаашдын боломжийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ айлчлалаас хамгийн их баяртай хүлээж авсан зүйл бол M-JEED буюу “1000 инженер” хөтөлбөрийн дараагийн үе шатыг үргэлжлүүлэхээр болсон явдал.

Монгол Улс уул уурхайн орон болсон. Газрын баялгаа олборлож, боловсруулж, нэмүү өртөг шингээн хөгжихөд үндэсний инженерүүд маш чухал үүрэг, оролцоотой. Уул уурхай гэхээр зөвхөн уул уурхайн инженерийг хэлэхгүй. Цахилгаан, мэдээллийн технологи, хими, барилга, дэд бүтэц гээд бүх салбарын инженер энд хэрэгтэй. Энэ чиглэлд манай үндэсний инженерүүдийн тоо хангалтгүй.

Японы тал өмнөх төслийн хүрээнд энэ салбарт хөрөнгө оруулж, эхний үе шат амжилттай хэрэгжсэн. Хөтөлбөр хэд хэдэн түвшинд хүний нөөц бэлтгэсэн.

Оролцогчдын 50 гаруй хувь нь технологийн коллеж буюу Коосэн хөтөлбөрөөр суралцсан. Монголд одоо Улаанбаатар болон орон нутагт нийт зургаан Коосэн ажиллаж байна. Оюутнуудыг Японд сургахын өмнө ШУТИС дээр хэлний бэлтгэл хангаж, төгсөөд Монголдоо эргэн ирж ажиллах нөхцөлтэйгөөр сургадаг. Коосэн бол техникум биш, таван жилийн сургалттай технологийн коллеж.

Түүнээс гадна бакалаврын түвшинд инженерүүд бэлтгэсэн, магистр, докторын сургалтад хүмүүс хамрагдсан. Мөн нарийн мэргэжлийн Япон багш нар Монголд ирж, ШУТИС тэргүүтэй технологийн их, дээд сургуулиудад ажилласан. Монголын багш, оюутнууд ч богино хугацааны сургалтаар Японд олноороо суралцсан.

Энэ хөтөлбөр маш үр дүнтэй болсон. Япон хэлтэй инженерүүд бэлтгэгдэж, Японы Коосэн сургалтын хөтөлбөрийг Монголын сургуулиудад заах боломж бүрдсэн. Үүнийг цааш илүү түгээж, долоон бүсэд нэг технологийн коллеж байгуулах тухай ярьж байна.

Эрдэнэт энэ чиглэлээр маш идэвхтэй ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа энэ асуудалд их анхаарч, Коосэний хүмүүстэй уулзаж, туршлага судалж байгаа. Бусад гишүүдтэй ч энэ талаар уулзаж ярьж байна.

“1000 инженер” хөтөлбөрийн хүрээнд сургалтын хөтөлбөр, ном, сурах бичиг, сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд орж ирсэн. Дараагийн шатанд ч энэ ажлыг үргэлжлүүлж, тоног төхөөрөмжийн чиглэлд хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байгаа нь сайшаалтай хэрэг.

 -Монгол, Япон хоёр улс гуравдагч хөршийн сайн харилцаатай. Монгол–Японы харилцааг гуравдагч хөршийн агуулгаар та хэрхэн хардаг вэ?

-Монгол Улс геополитикийн хувьд онцлог, хүнд нөхцөлтэй. Япончууд ч үүнийг хэлдэг. Дэлхийн хүчирхэг, улс төрийн нөлөө ихтэй хоёр том гүрний дунд, улс төрийн тогтолцооны хувьд эрс ялгаатай орнуудын дунд оршдгийн хувьд манай улс хоёр хөрштэйгөө ухаалаг, тэнцвэртэй бодлого баримталж ирсэн. Үүний зэрэгцээ ардчилсан гуравдагч хөршүүдтэйгээ харилцах нь чухал.

Япон бол Азийн улс гэдэг утгаараа бидэнд ойр. Нөгөө талаас Япон өөрөө ч бүс нутгийн бодлогоо баримталж байна. Хятад улс бол маш хүчтэй хөгжиж, технологийн түвшин өндөр болж байна. Ер нь Ази бүхэлдээ хүчирхэгжин хөгжиж байна гэдгийг харуулах, бүс нутгийн орнууд энх тайванч байдлаар хөгжих нь чухал. Энэ утгаараа Монголын газар зүйн байршил Азийн бусад орнуудын хувьд чухал үүрэгтэй гэж боддог.

Монгол, Японы ард түмэн хоорондоо соёл, сэтгэлгээний хувьд ойр гэж ярьдаг. Өгүүлбэрийн бүтэц хүртэл ижил. Үг нь өөр боловч өгүүлбэрийн бүтэц төстэй байна гэдэг нь сэтгэлгээний хувьд ойр байгааг харуулж буй гэж би боддог.

Япон Улс энх тайванч, өндөр хөгжилтэй, технологийн чадвартай улс. Өөрсдөө ч зовлон, шаналал туулсан түүхтэй. Энэ туршлага, хөгжлийнхөө үр өгөөжийг Монголд харамгүй хуваалцаж, олон жил тусалж ирснийг монголчууд мартдаггүй.

Энэ түүх, сайхан сэтгэлийг харилцан сануулж, залуу үедээ дамжуулж байж хоёр орны харилцаа цааш улам сайн хөгжих ёстой.

 -Айлчлалын үеэр газрын тосны бүтээгдэхүүний агуулах сав барих асуудал яригдаж, шийдэлд хүрсэн. Японы тал Монголд шатахууны агуулах сав барихад дэмжлэг үзүүлэх нь цаг үеэ олсон шийдвэр байлаа. Та айлчлалд оролцсон хүний хувьд энэ талаар ямар мэдээлэл өгөх вэ?

-Энэ асуудалд Японы тал нэлээд нааштай хандсан. Г.Дамдинням сайд урьдчилан хүсэлт явуулсан байсан юм билээ. Хэлэлцээрийн үеэр газрын тос, бензин, шатахууны нөөц бүрдүүлэх, Монгол Улсын нэг сарын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний нөөцийн сав байгуулах асуудал яригдсан.  

Энэ бол маш зөв ажил. Япон Улс аливаа зүйлийг технологийн өндөр түвшинд хийдэг. Манайх өөрсдөө ч нөөцийн сав барьж байгаа. Харин Японы технологиор нөөцийн сав агуулах байгуулагдах нь Монгол Улсын хувьд стратегийн маш том ач холбогдолтой. Гэрээ, хэлэлцээрүүд цааш амжилттай үргэлжилбэл япончууд нэгэнт шийдсэн ажлаа хурдан, чанартай хийдэг учраас богино хугацаанд бодит ажил болох боломжтой.

-Багш нарын баярын өдөр тантай ярилцаж байгаа болохоор энэ тухай ярилцлагынхаа төгсгөлд асууя гэж бодлоо. Багш мэргэжлийн үнэ цэн, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаар Та байр сууриа хуваалцахгүй юу?

-Монголын нийт сурган хүмүүжүүлэгч багш, эрдэмтэн судлаачид, сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад ажиллаж буй нийт багш нартаа Багш нарын баярын халуун мэндийг хүргэе.

Миний хувьд жил бүрийн аравдугаар сарын 5-ны энэ чухал өдөр багш нартайгаа уулзаж, урам өгч, ажил үйлсийг нь дэмжихийг хичээдэг. Өөрөө сургууль байгуулж ажиллаж байхдаа бүх шатны сургуулийн багш нартайгаа баяраар уулздаг байсан. Харин сүүлийн 2-3 жил УИХ-ын гишүүний хувиар Багш нарын баярыг угтаж байна.

Энэ болгондоо нэг зорилго тавьдаг. Багш сайн байж боловсролын сургалт сайн болно. Сайн багш байж улс орон хөгжинө. “Сайн багшийн гар дээр улс орны маргаашийн ирээдүй байдаг” гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр багш нарын нөхцөл байдлыг харахад сэтгэл дундуур зүйл их бий. Багшийн хомсдол маш их байна. Боловсролын яамны нээлттэй мэдээллээр 3,840 багшийн дутагдалтай гэж гарч байна. Илүү цагаар ажиллаж буй болон тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн ажиллаж байгаа багш нарыг оруулаад шүү дээ. Хэрэв боловсролын салбарт чанарын бодит өөрчлөлт хийе гэвэл цаашдаа 7,000 орчим багшийн хэрэгцээ бий. Тийм ч учраас энэ асуудалд би анхаарч, шийдэхийн тулд бодлогын хэд хэдэн санал тавьсан.

Боловсролын салбарын төсөв өндөр дүнтэй орж ирсэн ч хөрөнгө оруулалт нь оновчтой, эрэмбэлэгдсэн, бодлогын зорилготой байх ёстой. Сургуулийн хүртээмж муу, ачаалал ихтэй бүсүүдэд шинэ сургууль барьж, хүүхэд бүрийн чанартай боловсрол эзэмших эрхийг хангах шаардлагатай.

Хоёрдугаарт, багшийн чанарын хомсдлыг бууруулахын тулд өндөр оноотой оюутнуудад тэтгэлэг олгох, цаашлаад багш мэргэжлээр суралцагчдад цалин, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг судлах шаардлагатай. Ингэснээр чадварлаг залуус багшийн мэргэжлийг сонгох нөхцөл бүрдэнэ.

Үүний зэрэгцээ багшийн үнэлэмж, нэр хүнд, ажлын орчныг сайжруулах хэрэгтэй. “Багшийн хөгжлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн үнэлгээнд тулгуурлан шаардлагатай өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Багш хүүхдэд хүсэл мөрөөдөл, итгэл төрүүлж чаддаг байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.

Нийт багш нартаа баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. 

 

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.