Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Газрын өдөр”-ийн хүрээнд “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн харьяа компаниудын төлөөлөл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн бүтээн байгуулалт, Шинэ Хархорум хотын ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажил, уул уурхайн нөхөн сэргээлтийн ололт, инновац шингэсэн шинэ технологи нэвтрүүлэх боломжийг хэлэлцэж байна.
“Газрын өдөр”-ийг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ, Монголчууд байгаль дэлхийгээ хамгаалах уламжлалт мэдлэг, соёл, хандлагатай, байгальтайгаа ойр амьдарч ирсэн ард түмэн хэдий ч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цөлжилт, газрын доройтол сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг онцоллоо.
Мөн “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн харьяа компаниуд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарих, ойжуулах, нөхөн сэргээх чиглэлээр тодорхой амлалт авч, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодит хувь нэмэр оруулахын төлөө ажиллаж байгааг тэмдэглэв.
Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 100 сая мод тарих амлалт авсан бөгөөд энэхүү ажлаа анхнаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй эхлүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнүүлсэн. 2022 онд Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг байгуулж, модлог ургамлын үрийн нөөц, генетикийн фонд бүрдүүлэн, үрийн болон биотехнологийн лабораторийн үйл ажиллагааг тогтворжуулан ажиллаж байна.
Мөн 2025 онд Хөрсний инновац, технологийн “Эрдэнэт” төв, Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын үйл ажиллагааг эхлүүлж, тарьц суулгацын нөөц бүрдүүлэн, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ногоон байгууламж, татмын ойжуулалтын ажил хэрэгжүүлж байгаа талаар “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба илтгэлдээ танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон 3.6 сая мод тарьж, арчлан ургуулж байна. Энэ нь газрын доройтлыг бууруулах, хөрсний үржил шимийг сайжруулах, ус чийгийг хамгаалах, биологийн олон янз байдлыг дэмжих, улмаар цөлжилтийн эсрэг бодит үр дүн бий болгох үндэс гэж мэргэжилтнүүд үзэж байгаагаа илэрхийлэн, Эрдэнэт үйлдвэрийн ногоон хөгжлийн шинэ бүтэц, технологи Монгол Улсын ойн салбарт том дэмжлэг, “СОР17”-д сайн туршлага болж байгааг онцолсон юм.
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ