Монголын хөрөнгийн бирж ТӨХК нээлттэй хувьцаат компани болоод багагүй хугацаа өнгөрч байна. 34 хүртэлх хувийг олон нийтэд санал болгох замаар биржийн засаглалд салхи орсон. Олон жил яригдаж, олон удаа хойшилсон биржийн IPO санхүү, хөрөнгийн зах зээлд түүхэн үйл явдал байлаа. Үүнээс хойш буюу өнгөрсөн гурван жилийн хугацаанд нээлттэй компанийн "уур амьсгал"-ыг зах зээлд мэдрүүлж чадсангүй. Удирдлагын халаа сэлгээ, өөрчлөлт биржээс гарах хамгийн тод мэдээ байлаа.
Удаах нь уул уурхайн биржийн арилжаа бөгөөд энэ нь тус байгууллагыг аварсан. Бусдаар Монголын хөрөнгийн зах зээлд дорвитой өөрчлөлт гарсангүй. Биржийн байраа зассан нь өнгөрсөн хугацаанд гарсан нэг ахиц гэж үнэлэх.
Төр өнөөдөр 66 хувийг нь дангаар атгасан хэвээр, бүхий л томилгоо, шийдвэр нь улс төрийн хамаарал дор өрнөж байна. Нэр төдий нээлттэй хувьцаат компани болсон Хөрөнгийн биржээ улс төрөөс чөлөөлөх цаг болжээ.
Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилга Хөрөнгийн биржийг тойрох бус дайрах учиртай.
Олон улсын хөрөнгийн биржүүд хувийн эсвэл нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй байдаг. Гэхдээ нээлттэй хувьцаат компани дотроо төрийн хувь эзэмшил, оролцоо хамгийн бага буюу 34, 49, 51 хувиас хэтэрдэггүй байна. Харин манай улсын хувьд 66 хувийг нь төр буюу Сангийн яам эзэмшиж, улс төрийн хараат байдал нь урьдын нэгэн адил үргэлжилж, Сангийн сайдын "үг"-ээр нээлттэй хувьцаат компанийн томилгоо, үйл ажиллагаа явагдаж ирлээ.
Нээлттэй хувьцаат компани болсон Хөрөнгийн бирж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хамгаалах бус төрийн 66 хувиар монополь үүсгэн зах зээлд саар жишгийг үлгэрлэн тогтоож, үргэлжлүүлж байна.
Хөрөнгийн зах зээлийг цэгцлэх, цэвэрлэх, шинэ зам руу хөтлөх үүрэг чигтэй Хөрөнгийн бирж эрүүлжих, улс төрийн хамаарлаас бүрэн гарах, зах зээлийн хэв шинжээ олох, чөлөөт зах зээлийн итгэл үнэмшил, хөрөнгийн зах зээлийн хөдөлгүүр нь болоход төрийн гэгдэх 66 хувь хамгийн их саад тотгор болж байна.